Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алслагдсан дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбоно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын талаар хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Алслагдсан дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбоно
Алслагдсан дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн нэгдсэн сүлжээ нь 2010 онд анх байгуулагдсан бөгөөд 2011, 2012 онд үе шаттайгаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг сүлжээнд холбожээ. Өнөөдрийн байдлаар 177 байгууллага нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа юм. Тус сүлжээ нь сувагчлал буюу газар доогуур 72 км, агаараар буюу гэрэл тролейбусны шонгоор 40 км кабель татагдсан. Нийслэлийн өндөр хурдны нэгдсэн сүлжээнд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх гэсэн дөрвөн дүүрэг холбогдсон байна. Дүүрэг, хороод нэгдсэн сүлжээнд холбогдсоноор албан хэрэгцээний шаардлагатай мэдээллийг цахимаар дамжуулах, цаг хугацаа хэмнэх боломжтой болсон юм. Гэвч зам засварын ажил, гэрлийн болон тролейбусны шон унах, муфтийг салгаж хаях, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн худаг сувагчлал бөглөрч гэмтэх, ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагагүй зэрэг шалтгааны улмаас шилэн кабель тасарч сүлжээгүй болох тохиолдолд цөөнгүй бэрхшээл гарч байгааг албаныхан учирлаж байна. Тухайлбал, дээрх шалтгаанаар дөрвөн дүүргийн 51 хороонд агаараар татсан шилэн кабель тасарсан гэмтэл гарч, одоогоор сүлжээгүй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2014 онд "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийг боловсруулж, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж байгаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн нэгдсэн сүлжээг сайжруулж, алслагдсан дүүрэг хороодыг нэгдсэн сүлжээнд холбох шаардлагатай байгаа тул өнөөдрийн байдлаар гэмтэлтэй байгаа хороодын сүлжээг засварлах, шинээр холбох, шинэчлэх зэрэг ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэж өгөхийг нийслэлийн удирдлагуудад уламжиллаа. Харин удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Нийслэлийн бүх дүүрэг, хороод нэгдсэн сүлжээнд холбогдох шаардлагатай. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, цаг хугацаа хэмнэх боломжтой тул шилэн кабелийн засвар, үйлчилгээг хийх, алслагдсан хороодын шилэн кабелийг татахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах