Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтан сан” радио алтан дурсамжуудыг сөхөж байна

Дүрсний урлаг төдийлөн хөгжөөгүй байхад Монголын ард түмнийг гэгээрүүлж байсан, өнөө ч гэгээрүүлэн, соёлжуулсаар байгаа Монголын радио ийнхүү “Алтан сан” радиогоо Монгол бахархлын өдрөөр ёслол төгөлдөр нээлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
“Алтан сан” радио алтан дурсамжуудыг сөхөж байна
“Алтан сан” радио алтан дурсамжуудыг сөхөж байна. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радиогийн алтан сан хөмрөг тун баялаг. Энд хадгалагдаж буй бичлэгүүд 1920-иод оноос үүсэлтэй. 1950 оны дунд үеэс фондын түвшинд эмхлэн цэгцэлж, 1954 оноос “плёнкны өрөө” нэртэйгээр алтан сан үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлсэн байдаг. Монголын радиогийн "Алтан сан хөмрөг"-т Монгол Улсын түүх бүхэл бүтнээрээ бичигдэн үлдсэн гэхэд болно. Тухайлбал, ардын хувьсгалын партизанууд, улсын болон хөдөлмөрийн баатрууд, соёл, урлаг, шинжлэх ухаан, боловсролын салбарын алдартнууд, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн дуу хоолой, дурсамж яриа, ардын авьяастнуудын дуулж, хөгжимдөж, жүжиглэж байсан дахин давтагдашгүй бүтээл туурвил бий.

Эдгээр бичлэг болон радиогийн үе, үеийн уран бүтээлчдийн төрөл бүрийн сэдвээр бэлтгэсэн нэвтрүүлгүүд, эгэл жирийн хөдөлмөрч хүмүүсийн яриа, дурсамж зэрэг ховор нандин баримт материалын соронзон бичлэгүүд уншигч танаа хүрч эхэллээ. Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн хоёрдугаар суваг буюу “Алтан сан” радиогийн нээлтээс хийсэн сурвалжлагыг хүргэе.

“Алтан сан” радиогийн нээлтийн ажиллагаанд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Зангад, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав зэрэг олны танил эрхмүүд, үе, үеийн ахмад нэвтрүүлэгч, сэтгүүлчид хүрэлцэн ирж оролцсон юм.

Нээлтийн ажиллагаанд ирсэн зочид сэтгэл өндөр байлаа. Учир нь радиогийн “Алтан сан” бол Монголын түүхийн нэгээхэн хэсэг юм. Тэнд бичигдэн үлдсэн дуу хоолой, хөгжим, эгшиг, үг, өгүүлбэр бүхэн нэгэн үеийн түүхийг өгүүлж буй. Нээлтийн үеэр “Гарьд магнай” киноны хэсгээс сонсгосон нь хурсан олонд ихэд таалагдсан. Дүрсний урлаг төдийлөн хөгжөөгүй байхад Монголын ард түмнийг гэгээрүүлж байсан, өнөө ч гэгээрүүлэн, соёлжуулсаар байгаа Монголын радио ийнхүү “Алтан сан” радиогоо Монгол бахархлын өдрөөр ёслол төгөлдөр нээлээ.

Нээлтийн үеэр зарим зочны сэтгэгдлийг сонссон юм.


Хүмүүс “Алтан сан” радиог сонсоод санан дурсах байх

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь:

-Монголын радио 81 жилийн түүхтэй. XX зуун бол Монголын ард түмний алдаа, оноотой үзэл сурталтай байсан ч их бүтээн байгуулалтын, соён гэгээрлийн зуун байсан. Энэ зууны түүхээс шинэ үе маань маш их зүйлийг суралцах ёстой. Энэ бүх түүх Монгол радиогийн “Алтан сан”-д хадгалагдаж байдаг. “Алтан сан” радиог сонсоод хүмүүс хуучны зүйлээ сэргээн сануулж байна гэж шүүмжлэхээсээ илүү суралцаж, дүгнэлт хийж, санан дурсах байх гэж бодож байна. Энэ ч үүднээс “Алтан сан” радиог нээж байгаа юм.


“Алтан сан” радио маш баялаг нэвтрүүлэгтэй

МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан:

-“Алтан сан”-г баяжуулах бодлого гэж байдаг. Түүхэн үйл явдлын гэрч болсон бичлэгүүдийг хадгалдаг. Хэзээ ч цаг хугацаа нь хуучрахгүй танин мэдэхүйн шинж чанартай, түүхийн, угсаатны хэл, соёл урлагийн энэ бүтээлүүдийг “Алтан сан” бодлогоор баяжуулж ирсэн. “Алтан сан” радио нээгдэж байгаатай холбогдуулан цаашдаа ямагт авч явах бүтээлүүдийнхээ жагсаалтыг нэмнэ. “Алтан сан” радио маш баялаг нэвтрүүлэгтэй.


“Алтан сан” радио нээгдэж байгаад баяртай байна

Ахмад нэвтрүүлэгч, сэтгүүлч М.Жанцан:

-“Алтан сан” радио нээгдэж байгаад баяртай байна. Анх Монголын радиод зургаан эрэгтэй нэвтрүүлэгч байсан. Би долоо дахь хөтлөгчөөр нь орж ажиллаж байлаа. Монголын радио, телевизтэй амьдралаа холбоод 55 жил болж байна. Нэвтрүүлэгч, хөтлөгч, редактор, сэтгүүлч, сурвалжлагч нарт хичээл зааж байлаа. “Алтан сан” радио нээгдэж байгаа нь маш чухал үйл явдал юм. Дэндүү их баярлаж байна гэлээ.

“Алтан сан” радиог хөдөө орон нутагт богино долгионоор, нийслэл болон дэлхий дахинд онлайнаар хүлээн авах боломжтой юм.

Бэлтгэсэн Б.Дулмаа

Хуваалцах