Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтанбулагийн хилийг “манаж” хоносон нэгэн шөнө

ОХУ-ын Улаан-Үд хотноо үзэсгэлэнт Байгаль далайн мөсөн дээр зохиогддог Максамаха цанын олон улсын тэмцээнийг сурвалжлахаар “Монголын мэдээ” сувгийн сурвалжлах баг Монгол Улсын цанын холбооныхон болон тэмцээнд оролцох өсвөрийн тамирчдын хамтаар 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний орой ОХУ-ын Улаан-Үд х

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Алтанбулагийн хилийг “манаж” хоносон нэгэн шөнө
Алтанбулагийн хилийг “манаж” хоносон нэгэн шөнө. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Улаан-Үд хотноо үзэсгэлэнт Байгаль далайн мөсөн дээр зохиогддог Максамаха цанын олон улсын тэмцээнийг сурвалжлахаар “Монголын мэдээ” сувгийн сурвалжлах баг Монгол Улсын цанын холбооныхон болон тэмцээнд оролцох өсвөрийн тамирчдын хамтаар 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний орой ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьсон юм.

Бид зорчигч тээврийн том оврын автобус болон бас нэг истена маркын микронд хоёр хуваагдаж суугаад хөдөлсөн. Замд гарахын өмнө олон улсын тэмцээнд оролцох гэж буй өсвөрийн тамирчдаасаа сэтгэгдлийг нь асуухад ихэнх нь анх удаа гадаадын оронд очиж тэмцээнд оролцох гэж байгаа учраас маш их догдолж байна. Ямар ч байсан тэмцээндээ амжилттай оролцож, заавал медаль авна гэсэн өөдрөг яриатайгаар бид аян замдаа гарсан юм.

Оройн 21 цаг орчимд Улаанбаатараас хөдөлсөн бид шөнө 3 цаг 40 минутын үед Алтанбулагийн хил дээр ирж Монголын хилийг амжилттай даваад Оросын хил гаалийнхны бичиг баримтын шалгалтыг жолооч нар маань зөрчилтэй гэсэн үндэслэлээр давж чадсангүй. Бид Алтанбулагийн хил дээр хоноод маргааш нь бас өнжөөд бүтэн 10 цаг хил дээр гацлаа. Юуны учир жолооч нар бичиг баримтын шаардлага хангаагүйг уншигч та одоо сонирхож байгаа байх. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгосон огноог гараар бичихдээ хоёрдугаар сар гэсэн цифрийг 1-ийн тоо юу, 2-ын тоо юу гэдгийг мэдэгдэхгүй босоо зураас татаад сүүл хэсэг нь арагшаа матигар байдалтай бичсэн ганцхан цифрээс болоод бүтэн 10 цаг саатах нь энэ. Үнэхээр бухимдал төрж байсныг нуух юун.

Хариуцлага бас дахин хариуцлага. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгодог нөхдүүд хайнга байдалтай үзэгнийхээ үзүүрийг хөдөлгөж цифр дутуу бичсэнээс болж 9-17 насны өсвөрийн цаначид маань нойр хоолгүй 10 цаг "шийтгүүлсэн" гээд бод доо. Мэдээж хил гаалиар нэвтрэхэд ямар ч зөрчилгүй бүх бичиг баримт "окей" байх ёстой шүү дээ. Магадгүй энэ явдал уншигч танд нэг их асуудал биш санагдаж болно. Гэхдээ яг бидэнд тохиолдсон шиг зүйл дахиад хэн нэгэнд тохиолдохгүй гэх баталгаа байхгүй. Ер нь бол өнөөдөр огноог гараараа сарайтал бичээд суух цаг үе мөн үү, биш үү. Гарцаагүй бичихээс өөр аргагүй байдаг бол албаны чухал бичиг баримт үйлдэж байгаа төрийн албан хаагчид хариуцлагатай хандах хэрэгтэйг дахин сануулмаар байна.

Ер нь энүүхэндээ гэхэд уншигч та ч албаны чухал хэрэгтэй бичиг баримтаа яг одоо гаргаад залхууралгүйгээр нэг харчихад гэмгүй. Хэрэв ойлгомжгүй, тодорхойгүй тоо болон үсэг байх аваас хурдхан очих ёстой газар нь очиж засуулсан нь өлзийтэй байх гэдгийг сануулах зорилгоор үүнийг бичлээ. Жижиг гэлтгүй энэ мэт зүйл хүнд ямар том асуудал үүсгэдгийг биеэрээ мэдэрч байж ойлгох юм билээ.

Сэтгүүлч С.Тунгалаг

Хуваалцах