Алтны үнэ дээд цэгтээ хүрч, Токиогийн үнэт эдлэлийн дэлгүүрүүдийг зорих үйлчлүүлэгчид олшров
Японд алтны үнэ дээд цэгтээ хүрч өссөнөөс Токиогийн үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна.
Мэдээллийн алба

Японд алтны үнэ дээд цэгтээ хүрч өссөнөөс Токиогийн үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. NHK-ийн мэдээлснээр алтыг бэлэн мөнгөөр солиулах эрэлт ихэсчээ. Энэ долоо хоногийн лхагва гарагт Осакагийн үнэт металлын бирж дээр нэг грамм алтны фьючерс худалдааны үнэ хэсэг хугацаанд 8014 иен буюу 63 гаруй америк долларт хүрч өсчээ. Энэ нь Японд грамм алтны үнэ 8000 иенээс давсан анхны тохиолдол болсон байна.
Алт хамгийн найдвартай хөрөнгөнд тооцогддог. Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв хөрөнгө оруулагчдын санааг зовоож байгаа энэ үед алтны эрэлт улам нэмэгдэж байна. Токио хотын төвд байдаг үнэт эдлэлийн дэлгүүрийн эзний ярьж байгаагаар алт худалдахаар тэднийхийг зорин ирэх хүмүүсийн тоо чамгүй ихэсчээ. Тэдний зарим нь цаашид ч үнэ нь улам өснө гэсэн итгэлтэйгээр алт худалдаж авч байгаа юм байна. “Украины нөхцөл байдлаас үүдээд инфляцыг тогтоон барихын тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж олон хүн бодож байгаа байх, эсвэл зүгээр л хөрөнгөө төрөлжүүлэхийг хүсч байгаа байх” гэж “Танака Кикинзоку Когиёо” үнэт эдлэлийн компанийн Като Эичиро ярьжээ.


















