Амиа алдсан эмэгтэйн найз залууг үргэлжлүүлэн хорино
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр дээрх хэргийн шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, шүүхээс О.Б-ын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв
Мэдээллийн алба

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны 13 давхраас 22 настай эмэгтэй унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Холбогдох байгууллагаас дээрх хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Б гэгчийг холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүнчлэн талийгаач бүсгүйн задлан шинжилгээний дүгнэлт гарсны дараа шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн найз залууг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.
Мөн О.Б-г цагдан хорих хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байсныг шүүгдэгчийн өмгөөлөгч эсэргүүцэж, ерөнхий шүүгчид гомдол гаргасан.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр дээрх хэргийн шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, шүүхээс О.Б-ын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.


















