Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амьтны гаралтай түүхий эдээр хийсэн бэлэг дурсгал худалдаалж буй зөрчил илэрлээ

“Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, НМХГ, НЦГ, НБОГ-ын дарга нарын хамтран баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдэд лангуу түрээслэн а

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Амьтны гаралтай түүхий эдээр хийсэн бэлэг дурсгал худалдаалж буй зөрчил илэрлээ
Амьтны гаралтай түүхий эдээр хийсэн бэлэг дурсгал худалдаалж буй зөрчил илэрлээ. Зураг: МҮОНРТ

“Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, НМХГ, НЦГ, НБОГ-ын дарга нарын хамтран баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдэд лангуу түрээслэн ан амьтны арьс, үс, эд эрхтэн, тэдгээрээр хийсэн бэлэг дурсгалын зүйлс худалдаалж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн шалгалт хийгдэж байна.

Шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нь ан амьтны гаралтай арьс, үс, эд эрхтэн, тэдгээрээр хийсэн бэлэг дурсгалын зүйл худалдаалахдаа Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдаалж буй зөрчил, дутагдал илэрч байна.

Шалгалтад хамрагдаж гарал үүслийн бичиггүйгээр худалдаалж байсан чонын соёо, чонын шагай, чонын элдсэн арьс, тарваганы шагай, хандгайн эвэр, аргалийн эвэр, янгирын эвэр, булганы сүүл, шар үнэгний сүүл зэргээр хийсэн бэлэг дурсгалын зүйл /үзэгний сав, түлхүүрийн оосор гэх мэт/, цагаан зээрийн эвэр, хулангийн туурай, шувууны сарвуу гэж үзэхүйц зүйлүүдийг шалгалтын ажлын хэсгүүд дээр түр хурааж, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шинжээчийн багт хүргүүлж, тогтоолгох ажил хийлгэхээр бэлдэж байна. Учир нь дээрх арьс, үс, эд эрхтний зарим зүйлийг нь шалгалтын ажлын хэсэг шууд хараад тогтоох боломжгүй байгаа ба худалдаа эрхэлж буй иргэд зарим зүйлийг дуурайлгаж хийсэн бэлэг дурсгалын зүйл, жинхэнэ чонын шагай, соёо биш нохойных гэх мэтэчлэн үгүйсгэсэн тайлбарууд өгсөн тул шинжээчийн багаар тогтоолгох шаардлагатай байна.

Шинжээчийн багийн дүгнэлтийг үндэслэн зөрчил гаргасан этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ оногдуулах болно.

Шинжээчийн дүгнэлтээр элбэг амьтны арьс, үс, эд эрхтэн болох нь тогтоогдвол зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтаар 300 нэгж буюу 300.0 мянган төгрөгийн торгууль, тухайн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулах, нэн ховор болон ховор амьтны гаралтай арьс, үс, эд эрхтэн тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан болно.

Шалгалтын талаарх мэдээллийг Монголын үндэсний телевиз, ТВ5 телевизийн мэдээний цагаар олон нийтэд сурталчилж, холбогдох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж ажиллалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах