АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болсон.
Мэдээллийн алба

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болсон.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч мөн өнөө өглөө ээлжит хуралдаанаа хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ удаагийн хуралдаанаар “Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулгыг сонсч, хэлэлцжээ. Ерөнхий сайд энэ асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирсэн тул ямар нэг асуудалгүй гэж үзсэн байна.
Мөн анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар ярилцжээ. Бүлгийн гишүүд нэлээд нухацтай ярилцаад, хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тухай бүрт нь бүлгээр хэлэлцэж, байр сууриа илэрхийлнэ гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Хоригийг хүлээгээд авлаа гэхэд Өршөөлийн хууль хэрхэн хэрэгжих вэ. Өмнө нь 2000-3000 хүн суллагдана гэж тооцож байсан бол хориг хүлээж авснаар энэ тоонд ямар өөрчлөлт орох юм. Комиссын даргын хувьд мэдээлэл өгнө үү?
Д.Ганбат: -Хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж бүлэг үзсэн. Ардын намын бүлэг мөн хүлээж авна гэдгээ мэдэгдсэн байгаа. Маргааш байнгын хорооны хурлаар шийдэгдэнэ. Хориг хүлээж авсны дараа Дэгийн тухай хуулийн дагуу хуульд өөрчлөлт оруулаад явна.
-Ээлжит бус чуулган зарласан нь хууль бус байсан гэж МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Үүнд ямар тайлбар хийх вэ?
Б.Гарамгайбаатар: -Өнөөдөр эхэлсэн ээлжит бус чуулганыг хууль бус байсан гэж МАН-ын бүлэг мэдэгдсэн байна. Бид энэ чуулганыг хууль ёсных гэж үзэж байгаа. УИХ-ын дарга Америк явахаасаа өмнө хуулийн хүрээнд албан ёсоор шийдвэрээ гаргахдаа УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид ээлжит бус чуулганыг удирдах эрхийг өгсөн учраас энэ чуулган албан ёсных гэж үзэж байгаа.
-Ерөнхий сайдын өргөн барьсан зургаан сайдыг Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа юу?
Б.Гарамгайбаатар: -Түрүүчийн ээлжит бус чуулганы үеэр Ардчилсан намын бүлэг хуралдаад энэ тал дээр шийдвэрээ гаргачихсан. Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд зургаан сайдын нэрийг өргөн барьж оруулж ирсэн нэрсийг нь бүлэг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
-Дэд сайдаа хэзээ томилох вэ?
-Засгийн газрын гишүүдийг томилсны дараа ярих асуудал байна.


















