Анагаах ухааны доктор А.Тунгалагсувдад Увс аймгийн "Хүндэт тэмдэг" гардууллаа
Удам залгасан эмч, залуухан Анагаах ухааны доктор (Ph.D) А.Тунгалагсувдад Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүндэтгэл үзүүлж, Увс аймгийн "Хүндэт тэмдэг" гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ.
Мэдээллийн алба

Анагаах ухааны салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй нэгэн гэр бүлээс Анагаах ухааны доктор (Ph.D) төрлөө. Тодруулбал, Анагаах ухааны магистр, клиникийн профессор Алтанхүү эмч болон түүний гэргий Анагаах ухааны магистр, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Өнөржаргал эмчийг Увс аймагт танихгүй хүн бараг үгүй. Тэд “Жаргалан” эмнэлгээрээ дамжуулан Увс аймгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүргэсээр иржээ.

Тэгвэл тэдний охин А.Тунгалагсувд эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөн 10 гаруй жилийн хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэгийнхээ үр дүнгээр Япон улсад анагаах ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалаад ирсэн байна.

Удам залгасан эмч, залуухан Анагаах ухааны доктор (Ph.D) А.Тунгалагсувдад Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүндэтгэл үзүүлж, Увс аймгийн "Хүндэт тэмдэг" гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ. Анагаах ухааны доктор (Ph.D) хэмээх хүндтэй цол хүртэж, дэлхийн хэмжээний анагаах ухааны салбарын дэвшлээс олж авсан мэдлэг, ур чадвараа Монгол Улсынхаа хөрсөнд буулгаж, хүн ардын эрүүл мэндийн төлөө зүтгэхээр зориг шулуудсан түүний хувьд Монгол Улсад эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн гаралтай үргүйдэл их болсонтой холбоотой үүний оношилгоо, эмчилгээ, шалтгаан, түүнчлэн эхийн хэвлий дэх ургийн хөгжлийн талаар Япон улсад 4 жил суралцах хугацаандаа нарийн судалгааг хийж, тодорхой мэдлэг хуримтлуулсан аж.

Доктор бүсгүй цаашид энэ чиглэлээр түлхүү ажиллахыг зорилгоо болгож буй юм байна. Тэрбээр "Амжилтад маань хамгийн ихээр нөлөөлсөн эцэг, эх болон багш нартаа баярлалаа. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал дотроо дотоод шүүрлийн гаралтай үргүйдлийн асуудалд гол анхаарлаа хандуулж, өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн эрдэм мэдлэг ур чадвараа ашиглан хүн ардын эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллах болно" гэдгээ энэ үеэр илэрхийлжээ.


















