Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргана гэв

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцох үеэрээ Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флиннтэй уулзжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргана гэв
Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргана гэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцох үеэрээ Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флиннтэй уулзжээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл уулзалтын үеэр хэлэхдээ, Америкийн антропологич Рой Чапман Андрюсийн экспедици Монголд ирсний 100 жилийн ой удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан (1922 оноос 2022 он) Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргах, Монголоос авч явсан олдвор, эд зүйлсийн хамтарсан тооллого хийх, энэ хамтарсан тооллогын дүнг олон нийтэд ил тод байлгах талаар ярилцлаа.

Мөн Рой Чапман Андрюс болон Монголын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд /1924 он/ заасны дагуу "монголоос авч гарсан чулуулаг, олдворын зүйл төрөл бүрээс нэг ширхэгийг Монголын засгийн газарт буцааж өгөх", "хэвлэмэл ном, тайлан бүрээс 3 хувийг Монголын Засгийн газарт өгөх", "бүх кино, фото зургаас 2 хувийг Монголын Засгийн газарт өгөх", "Өргөө Музей байгуулахад хамтарч ажиллах, музейд олдвор цуглуулгаа бэлтгэхэд нь туслах" зэрэг амлалтуудыг нь биелүүлэх хэрэгтэй байна гэлээ. Түүнчлэн монголын олдворуудыг зөвхөн шинжлэх ухааны зорилгоор ашиглах гэсэн гэрээний заалт биелэгдсэн эсэхийг хамтран шалгах шаардлагатай байна. Үүний тулд Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргая гэсэн санал тавилаа. Тэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байхдаа 2014 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Америкийн Байгалийн Түүхийн музейн захирал хатагтай Эллен Фаттерт албан тоот илгээсэн боловч хариу ирүүлээгүй тухай дурдаад гэрээ, гэрээний англи орчуулга болон өөрийн илгээж байсан албан тоотын хуулбарыг Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флиннд музейн захиралд гардуулан өгнө үү хэмээн хүлээлгэн өгсөн юм.

Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флинн уулзалтын төгсгөлд хэлэхдээ, УИХ-ын гишүүний хүсэлтийн дагуу холбогдох бичиг баримтыг Америкийн Байгалийн Түүхийн музейн захиралд гардуулан өгч, судалсаны үндсэн дээр хариу илгээх болохоо мэдэгдэв.

Хуваалцах