Ангела Меркел: Терроризмын эсрэг тэмцэлд дүрвэгсэд хохирох ёсгүй
Германы канцлер Ангела Меркел “Их 20”-ийн чуулга уулзалтын үеэр Туркийн ерөнхий сайд Ахмет Давут-оглутай уулзсан байна.
Мэдээллийн алба

Германы канцлер Ангела Меркел “Их 20”-ийн чуулга уулзалтын үеэр Туркийн ерөнхий сайд Ахмет Давут-оглутай уулзсан байна. Чуулга уулзалтаар Парисын цуврал халдлагатай холбогдуулан терроризмын эсрэг тэмцлийг эрчимжүүлэх яриа хэлэлцээ өрнөж байгаа. Харин энэхүү тэмцэлд гэмгүй номхон дүрвэгчид хохирох ёсгүйг Ангела Меркел Туркийн ерөнхий сайдтай уулзахдаа онцлон тэмдэглэсэн байна.
Олон улсын удирдагчид Парисын цуврал халдлагын хохирогчдын үхэлд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх үүрэгтэйгээр зогсохгүй, дайн дажингаас зугтаж, эх нутгаасаа хил даван дүрвэсэн энгийн номхон дүрвэгчдийн эрх ашгийг хохироох ёсгүй гэж хатагтай Меркел үзэж байна. Парисын цуврал халдлагаас үүдэлтэйгээр Европын холбоо цагаач дүрвэгчдийн талаар баримтлах бодлогодоо эрс өөрчлөлт хийж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.
Халдлага болсон хэргийн газраас Сирийн иргэний паспорт олдсон. Энэ нь алан хядагчид дүрвэгч нэрээр Европын холбоонд нэвтэрч байж магадгүй гэх болгоомжлолыг улам лавшруулаад байна.


















