Антибиотикоор тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд хэрэглэхийг зогсооцгооё
1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
Мэдээллийн алба

1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөртэй холбогдуулан өнөөдөр холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
1992 онд Монгол улсын Засгийн газар Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейгаас сайшаан дэмжиж “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар 2003 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндэс суурь тавигдсан юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг өмнө нь Засгийн газрын тухай Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо болон орон нутгийн нийгэмлэгүүд хариуцан ажиллаж ирсэн байдаг.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага нь хэрэглэгчийн эрх хөндөгдсөн маргаан, гомдлыг Мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг холбогдох төрийн байгууллагад уламжлан, тухай бүр хамтран ажиллаж мөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс хэрэглэгчдэд ээлтэй байдлыг бүрдүүлэхэд нөлөөлөх урамшууллын ажлыг зохион байгуулж ирсний үр дүнд хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж, зах зээлийг шударга өрсөлдөөнтэй байлгахад зохих дэмжлэг болж иржээ.
Улмаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд 1995, 1997, 2002, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2003 онд шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангах гол чиг үүргийг төрийн бус байгууллага хариуцан ажиллаж байсныг өөрчилж хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага байхаар шинээр тусгаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газар ханган ажиллаж байна.
Энэ жилийн хувьд Хэрэглэгчийн хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай давхцаж байгаагаараа онцлогтой юм.
Антибиотикоор тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд хэрэглэхийг зогсооцгооё
Дэлхийн Хэрэглэгчийн Өдрийг тохиолдуулан энэ жилийг Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас дэлхийн сүлжээ ресторануудад хандан антибиотикоор тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд хэрэглэхийг зогсоох уриалгыг гаргаж байна.
Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа томоохон аюулын нэг нь антибиотикийн дасал юм. Дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа антибиотикийн тал орчим хувийг хөдөө аж ахуй, тэр дундаа фермерийн мал, амьтаныг эмчлэх бус, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсөлтийг хурдасгах зорилгоор ашиглаж байна. Иймд хүн амын антибиотикийн хэт их хэрэглээг зогсоох, түүнийг орлох шинэ төрлийн эм, эмийн бүтээгдхүүн үйлдвэрлэлийг дэмжих, фермерийн аж ахуйд өөрчлөлт, шинэчлэлт хийх асуудал дэлхий нийтэд зайлшгүй шийдвэрлэх тулгамдсан асуудал болж байна.
Уг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хууль, журам батлахаас илүүтэйгээр Дэлхийг хамарсан түгээлт, нийлүүлэлтийн сүлжээтэй үндэстэн дамнасан томоохон ресторануудын оролцоотойгоор уг өөрчлөлтийг эхлүүлэх нь илүү хүчтэй үр нөлөөг үзүүлнэ гэж тооцож байгаа юм.
Эх сурвалж: ШӨХТГ


















