Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Антибиотикт тэсвэртэй нян олширч байна

Антибиотикийн хэт их хэрэглээнээс үүдэн антибиотикт тэсвэртэй нянгийн тоо олширч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Антибиотикт тэсвэртэй нян олширч байна
Антибиотикт тэсвэртэй нян олширч байна. Зураг: МҮОНРТ

Антибиотикийн хэт их хэрэглээнээс үүдэн антибиотикт тэсвэртэй нянгийн тоо олширч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан Тайланд улсын Засгийн газар антибиотик хэтрүүлэн хэрэглэхийн хор уршгийг ард түмэндээ сурталчлан таниулахад хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Мөн тус улсад антибиотикт тэсвэртэй нянгийн талаар судалгаа эрчимжиж байна. Тайландын эмч мэргэжилтнүүдийн яриагаар, өвчтөн нянгийн өвчлөлийн үед эмчийн зааврын дагуу эмээ бүрэн уугаагүйгээс нян антибиотикт тэсвэртэй болдог байна.

Мөн өвчтөн вирус болон нянгийн бус гаралтай бусад өвчлөлийн үед дур мэдэн антибиотик хэрэглэснээс үүдэн биед антибиотикийн дасал үүснэ. Гэхдээ эдгээрээс гадна олон нийт төдийлөн мэддэггүй бас нэгэн хүчин зүйл антибиотикийн дасал газар авахад нөлөөлж байна. Энэ нь мал аж ахуйн салбарт ашиглаж байгаа антибиотик. Манай урд хөрш Хятадад л гэхэд жил бүр үйлдвэрлэж байгаа нийт антибиотикийн 50 орчим хувийг мал аж ахуйд ашигладаг гэх тооцоо бий. Эдгээрийг махны зориулалтаар үржүүлж байгаа малыг өсгөх, таргалуулах зорилгоор эмчийн жоргүй хэрэглэдэг байна.

Хамгийн хүчтэй антибиотик болох колистинд тэсвэртэй нян Хятадын махны зориулалтаар үржүүлж байсан гахай, шувуунаас анх удаа илэрсэн. Харин ийм аргаар бэлтгэсэн махыг хүнсэндээ хэрэглэгч мөн л антибиотикийн дасалтай нянгаар халдварлах магадлал өндөрсдөг. Их Британийн эрдэмтдийн тооцоогоор АНУ, Европт жил бүр 50 мянган хүн антибиотикт дасалтай нянгийн улмаас хорвоог орхиж байна.

Тайланд улсад 10-35 мянган хүн, харин дэлхийд нийтдээ 700 мянган хүн жил бүр антибиотикийн даслаас үүдэн нас бардаг. Иймээс антибиотик хэрэглэхдээ хариуцлагатай хандаж, зөвхөн эмчийн олгосон жороор зааврын дагуу ууж хэвших шаардлагатайг олон улсын эмч мэргэжилтнүүд дэлхий нийтэд анхааруулж байна.

Хуваалцах