Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-аас манай улсад энхийг дэмжих ажиллагаанд ашиглах зориулалттай авто машин өглөө

Монгол, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагаа өргөжин бэхжсээр байна. Өнөөдөр хамтын ажиллагааны үргэлжлэл болж АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй автомашин гардуулах ёслол боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
АНУ-аас манай улсад энхийг дэмжих ажиллагаанд ашиглах зориулалттай авто машин өглөө
АНУ-аас манай улсад энхийг дэмжих ажиллагаанд ашиглах зориулалттай авто машин өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагаа өргөжин бэхжсээр байна. Өнөөдөр хамтын ажиллагааны үргэлжлэл болж АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй автомашин гардуулах ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, манай улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Матью Кент болон БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний ангийн удирдлага, Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн оролцлоо.

Ёслолын ажиллагааг нээж Элчин сайд Женифер Зимдал Галт "Монголын Зэвсэгт хүчинд энхийг дэмжих үйл ажиллагаанд хэрэгцээтэй автомашин гардуулан өгч байгаадаа баяртай байна. Манай улсын Засгийн газар Монголын Зэвсэгт хүчинтэй хамтран энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Энэ хүрээнд Монголын энхийг сахиулагчдын чадавхийг сайжруулахаар машин техник, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийг хандивлаж ирсэн. Монголын Зэвсэгт хүчнийхэн үүнийг маань зориулалтын дагуу Өмнөд Судан зэрэг улсад энхийг дэмжих ажиллагаа бүртээ ашиглаж байгаад талархаж байна. Цаашдаа манай улс нэр хүнд нь өсч байгаа Монголын энхийг сахиулагчдыг дэмжиж ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна. Удахгүй дэлхий даяар танил болсон "Хааны эрэлд-2016" олон улсын хамтарсан хээрийн сургуулийг бид хамтран зохион байгуулах гэж байна. Энэ завшааныг ашиглаад Афганистан улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд энхийг сахиулагчдаа оролцуулж байгаад Монголын Засгийн газарт талархал илэрхийлье. АНУ, Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам бэхжих болтугай" гээд жийп автомашины түлхүүрийг ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалайд гардуулан өгсөн юм.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан "Монгол Улс, АНУ хоёрын хамтын ажиллагааны чухал суурийг батлан хамгаалах салбар эзэлж байна. Манай хоёр улсын нийтлэг эрх ашиг, ард түмнүүдийн найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан 1991 оноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг бэхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах чиглэлээр өргөн хэмжээнд хөгжиж байгаа. 2015 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд долоон тэрбум төгрөгийн барилгын шинэчлэл, засварыг гүйцэтгүүлсэн бол энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй Вранглер жийпийг хүлээлгэн өгсөн. Тусламжаар ирсэн автомашинуудыг энхийг дэмжих ажиллагаандаа зориулалтын дагуу хэрэглэж байгаа бөгөөд энхийг сахиулагч цэрэг эрчүүдийн маань ажилд тусалсан чин сэтгэлийн тусламж байлаа. 2016 он гарсаар хоёр улсын Батлан хамгаалах яам хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээнд 30 гаруй Ланд круйзер жийп автомашиныг хүлээлгэн өгч байгаад тань талархаж байна. Дэлхийн халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болоод одоо ч үүргээ гүйцэтгэсээр буй дайчдынхаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс АНУ-ын ард түмэнд дахин талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн онцолж байв.

Эх сурвалж: БХЯ

Хуваалцах