АНУ Ирантай байгуулсан найрамдлын тухай гэрээгээ цуцалжээ
НҮБ-ын шүүхээс Вашингтоныг Ирантай байгуулсан найрамдлын тухай гэрээний заалтаа зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасны дараагаар АНУ энэ гэрээнээс гарч байгаагаа зарлаад байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын шүүхээс Вашингтоныг Ирантай байгуулсан найрамдлын тухай гэрээний заалтаа зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасны дараагаар АНУ энэ гэрээнээс гарч байгаагаа зарлаад байна. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн юм.
Тэрээр АНУ 1955 онд Ирантай байгуулсан энэ гэрээг цуцалж байгааг зарласны дээр 39 жилийн өмнө 2 улс дипломат харилцаагаа таслах үед л ийм шийдвэр гаргах ёстой байсныг онцлон мэдэгдсэн байна. НҮБ-ын Олон улсын шүүх өчигдөр Ираний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээд АНУ ыг найрамдлын тухай гэрээний заалтаа зөрчиж байна гэсэн урьдчилсан тогтоолыг батлан гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор Америкийн төрийн нарийн бичгийн дарга Иранийг олон улсын шүүхийг улс төр, суртал ухуулгадаа ашиглаж байна хэмээн буруутгасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт гэрээнээс гарахаа мэдэгдсэнээс хойш 2 орны харилцаа эрс муудах болсон юм. Иран үүнтэй холбоотойгоор НҮБ-ын олон улсын шүүхэд АНУ-ын эсрэг нэхэмжлэл гаргаад байсан юм. 2015 онд АНУ, Иранаас гадна Их Британи, Хятад, Орос, Герман, Франц улс нэгдсэн энэ гэрээний дагуу Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоох, АНУ хориг арга хэмжээ цуцлах амлалт үүрэг авсан байсан юм.


















