АНУ Колумбыг НАТО-гийн гишүүн бус холбоотноо болгов
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Колумб улсыг НАТО-гийн гишүүн бус холбоотны зиндаанд авч үзэж байгаагаа зарлалаа.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Колумб улсыг НАТО-гийн гишүүн бус холбоотны зиндаанд авч үзэж байгаагаа зарлалаа. Ингэснээр Латин Америкийн Колумб улсын хувьд батлан хамгаалах, худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааны салбарт тодорхой үр өгөөжөө өгнө гэж Байден Колумбын Ерөнхийлөгч Иван Дукег Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа илэрхийлжээ.
Колумбын бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа Ерөнхийлөгч Иван Дуке улс орныг нь НАТО-гийн бус гол холбоотноо болгож байгааг таатайгаар хүлээн авчээ. Тэрбээр энэ бол хоёр улс хамтын үнэт зүйл, зарчмаа хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдгийг цохон тэмдэглэсэн байна. НАТО-гийн бус гол холбоотон улс гэдэг нь АНУ-ын хуулийн дагуу гадаадын түншүүдэд батлан хамгаалах, худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааны чиглэлээр давуу тал олгодог. Энэ нь АНУ ийм түншүүдтэйгээ нягт хамтын ажиллагаатай байдгийн бэлгэдэл гэж Төрийн департаментын мэдээлэлд дурдсан байна. Гэхдээ АНУ ийм зиндааны түнш орнууддаа НАТО-гийн гишүүн улс орнуудад үзүүлдэгтэй адил аюулгүй байдлын баталгааг өгдөггүй. НАТО-гийн гишүүн орнууд ч халдлагад өртсөн нөхцөлд гишүүн бус холбоотон орныг хамгаалах үүрэг хүлээдэггүй юм. Цагаан ордонд болсон энэ уулзалт Орос Украинд цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлснээс хойш АНУ Колумб улстай ашиг сонирхлоо хуваалцах боломжийг Байденд олголоо гэж Ассошейтэд Пресс агентлаг мэдээлж байна.
Иван Дуке Оросын цэрэг дайны ажиллагааг шүүмжилж байгаагийн зэрэгцээ Колумб улс Оросыг Украинаас цэргээ гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд дэмжсэн санал өгсөн юм.


















