Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Кубын эсрэг хориг арга хэмжээний зарим нөхцлөө цуцлав

Ирэх 7 хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Куба улсад айлчилна. Тус айлчлалыг угтан Обамагийн засаг захиргаа Кубын эсрэг тогтоосон худалдааны хоригийг дахин зөөлрүүллээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Кубын эсрэг хориг арга хэмжээний зарим нөхцлөө цуцлав
АНУ Кубын эсрэг хориг арга хэмжээний зарим нөхцлөө цуцлав. Зураг: МҮОНРТ

Ирэх 7 хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Куба улсад айлчилна. Тус айлчлалыг угтан Обамагийн засаг захиргаа Кубын эсрэг тогтоосон худалдааны хоригийг дахин зөөлрүүллээ. Энэ шийдвэрийн хүрээнд АНУ-ын иргэд Куба руу зорчиход тавьсан хязгаарлалтыг сулруулж байна. Өмнө нь Америкийн иргэд аяллын бүлэгт нэгдэн Кубад боловсрол, танин мэдэхүйн зорилготой аялал хийх боломжтой байсан ч хувь хүн энэ зорилгоор дангаар зорчих хориотой байсан юм.

Энэ хоригийг сулруулснаар Кубын музей, түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхох, соёл уламжлалтай нь танилцах, Кубын ард иргэдтэй харилцаж, тус орны талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх зорилготой хувь хүмүүс заавал жуулчдын бүлэгт нэгдэлгүй дангаар Куба руу аялах эрх нээгдэх юм. Үүнээс гадна Америкийн засаг захиргаа хоёр орны хоорондох гүйлгээнд америк доллар ашиглах нөхцөлийг хөнгөвчиллөө. Ингэснээр Кубын иргэд АНУ-д цалин орлого хуримтлуулах, энэ орлогоо АНУ-ын банкуудаар гүйлгээ хийхэд ашиглах боломжийг нээж байгаа. 2014 оны 12 дугаар сард АНУ, Кубын удирдагчид харилцаагаа эргэн хэвийн түвшинд аваачихаар тохиролцсоноо зарласан.

Үүнээс хойш хоёр орны харилцааг сайжруулахад хийгдсэн чухал ач холбогдолтой шийдвэрүүдийн нэг нь АНУ-ын Сангийн болон Худалдааны яамнаас гаргасан дээрх шийдвэр гэж шинжээчид дүгнэж байна. Мөн өнгөрсөн сард хоёр орны хоорондох арилжааны нислэгийг сэргээсэн юм.

Эдгээр шийдвэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Куба дахь айлчлалыг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх чухал алхам гэж шинжээчид дүгнэж байна. Обамагийн Куба дахь айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хугацаанд Кубад хийж байгаа сүүлийн 88 жил дэх анхны айлчлал гэдэг утгаараа хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдалд тооцогдож байгаа юм.

Хуваалцах