АНУ Мексикийн хил дагуух цэргийн хамгаалалтаа есдүгээр сарыг дуустал сунгалаа
Пентагоны шинэ тэргүүн буюу АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Патрик Шэнахэн даваа гарагт ийм шийдвэр гаргажээ
Мэдээллийн алба

АНУ Мексикийн хил дагуух цэргийн хамгаалалтаа есдүгээр сарыг дуустал сунгалаа. Пентагоны шинэ тэргүүн буюу АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Патрик Шэнахэн даваа гарагт ийм шийдвэр гаргажээ.

Шийдвэрийн дагуу АНУ Мексикийн хил дээр байгаа цэргүүд есдүгээр сарын 30-ныг дуустал үүргээ гүйцэтгэнэ. Энэ хүрээнд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хүсэлтээр цэргүүдийг нэмэлт хүч болгон илгээнэ. Ингэснээр цэргүүдийг хил дээр ажиллуулах зардал энэ сарын сүүлч гэхэд 132 сая доллар давахаар байгаа юм байна.

Уг нь цэргүүд хилийн аюулгүй байдлыг хангаж, цагаач дүрвэгчдийн урсгалыг зогсоох үүднээс өнгөрөгч 12 дугаар сарын 15 хүртэл ажиллах ёстой байсан ч энэ сарын сүүлч хүртэл сунгаад байсан юм.
АНУ-ын өмнөд хилийн ойролцоох Мексикийн Тихуана, Мехикали хотод Гондурас, Гватимал, Эльсальвадор улсаас ирсэн 6-9 мянган цагаач дүрвэгч байрлаж байгаа гэсэн мэдээ бий.


















