АНУ Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тандаж, онгоц нисгэжээ
Цөмийн яриа хэлэлцээг урагшлуулах тал дээр санал нэгдэж чадаагүй байгаа АНУ, БНАСАУ-ын харилцаа Америкийн талыг сонор сэрэмжээ чангатгахад хүргэснийг олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.
Мэдээллийн алба

Цөмийн яриа хэлэлцээг урагшлуулах тал дээр санал нэгдэж чадаагүй байгаа АНУ, БНАСАУ-ын харилцаа Америкийн талыг сонор сэрэмжээ чангатгахад хүргэснийг олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.
Эх сурвалжийн мэдээлснээр нөхцөл байдлыг тандан АНУ-ын тал Солонгосын хойг дээгүүр мягмар болон лхагва гарагийн өглөөгүүр дөрвөн онгоц нисгэсэн байна.
АНУ-ын хувьд Солонгосын хойг дээгүүр туршуулын дөрвөн онгоц нэгэн зэрэг нисгэх нь ховор үзэгдэл гэж үздэг. Тиймээс энэ нь Умардынхны өгсөн анхааруулгад Цагаан ордон хэр их анхаарч байгааг илэрхийлж байна гэж "Ёнхап" агентлаг мэдээлжээ.
Хоёр талын ялгаатай байр сууриас болж саатаад байгаа цөмийн яриа хэлэлцээг сэргээхийн тулд хориг шахалтаа цуцлахыг Пехнъян Вашингтоноос шаардаж байгаа. Ямар үйлдэл хийхээс нь шалтгаалж Умардын эрх баригчид АНУ-д “Зул сарын баярын бэлэг илгээнэ” гэж мэдэгдсэн нь гол сэдэв болоод байгаа юм.
Америкийн цэргийн эх сурвалжийн мэдээлснээр тус улс газарт суурилуулдаг радарын системээ ажиллагаанд оруулж, тэнгисийн цэргийн пуужингийн систем, хос хөдөлгүүртэй байлдааны онгоцуудын бэлэн байдалтай, Умард Солонгосын талыг анхааралтай ажиллаж буй юм байна.


















