АНУ Турк улсад тавьсан хориг арга хэмжээгээ зогсоож магадгүй
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Анкара хотод гэнэтийн айлчлал хийж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Саудын Арабын алга болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийн талаар ярилцсан байна.
Мэдээллийн алба

АНУ Турк улсад тавьсан хориг арга хэмжээгээ зогсоож магадгүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Анкара хотод гэнэтийн айлчлал хийж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Саудын Арабын алга болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийн талаар ярилцсан байна.
Тэрбээр уулзалтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Америкийн шашны номлогч Эндрю Брансоны хэргийн улмаас Туркийн эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлаж магадгүй" гэж ярьжээ. Помпеог Анкарад байх үеэр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чаушоглу мөн түүнтэй уулзсан байна.
Тэрбээр АН-ын хориг арга хэмжээний тухайд “Хориг шахалт удаан үргэлжлэх тусам хоёр орны харилцаа улам муудна” гэсэн байр суурь илэрхийлжээ. Турк улсад амьдарч байсан Америкийн иргэн, шашны номлогч Эндрю Брансоныг Туркийн төрийн эргэлттэй холбогдуулан баривчилсны хариуд Америкийн засаг захиргаа өнгөрөгч наймдугаар сард Турк улсад хориг тавьсан юм.
Түүний дараагаас тус улсад эдийн засгийн хямрал үүсч, он гарснаас хойш Туркийн мөнгөн тэмдэгт “лир”-ийн ханш 35 хувиар унаад байгаа. Гэхдээ эдийн засаг нь эргэж сэргэх шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн талаар мөн мэдээлж байгаа юм. Америкийн шашны номлогч Брансоныг Анкара өнгөрсөн долоо хоногт сулласан юм.


















