АНУ Уйгарын бүх импортын бараанд хориг тавина
уг хуулийн төсөлд тухайн бүс нутгаас бүтээгдэхүүн импортлохыг хүссэн аж ахуйн нэгжүүдээс уг барааг албадан хөдөлмөргүйгээр үйлдвэрлэсэн болохыг нотлох баримт бүрдүүлэхийг үүрэг болгожээ.
Мэдээллийн алба

АНУ-ын сенат пүрэв гарагт Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орноос импортлох бараа бүтээгдэхүүнд хориг тавилаа. Учир нь тус бүс нутагт албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа гэж БНХАУ-ын засаг захиргааг буруутган, ийнхүү зарчмын хувьд хориглох тухай хуулийн төслийг батлахаар санал хураалт явууллаа.
Энэхүү хуулийг батлахын тулд Ерөнхийлөгч Жозеф Байденаар гарын үсэг зуруулахаар тогтоомжийг Цагаан ордон руу илгээх юм. Энэ хуулийн төслийг төлөөлөгчдийн танхим аль хэдийн баталсан. Төсөлд импортын бүх барааг хамруулсан байна.
АНУ Шинжаан-Уйгарын бүс нутагт үйлдвэрлэсэн хөвөн болон боловсруулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг импортлохыг одоогоор хориглож байна.
Мөн уг хуулийн төсөлд тухайн бүс нутгаас бүтээгдэхүүн импортлохыг хүссэн аж ахуйн нэгжүүдээс уг барааг албадан хөдөлмөргүйгээр үйлдвэрлэсэн болохыг нотлох баримт бүрдүүлэхийг үүрэг болгожээ.
Энэ сарын эхээр Жозеф Байдены засаг захиргаа Бээжингийн өвлийн олимп, паралимпыг дипломат аргаар бойкотлохоо зарласан.
АНУ-ын энэ алхам Бээжингийн эсэргүүцлийг төрүүлэх магадлал өндөр байгааг олон улсын ажиглагчид онцолж байна.


















