АНУ-ын анхны өнгөт арьст Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл “Ковид-19”-ийн улмаас таалал төгслөө
21 дүгээр зууны эхэн үеийн АНУ-ын гадаад бодлогыг чадварлагаар тодорхойлсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл “Ковид-19”-ийн хүндрэлээр таалал төгслөө.
Мэдээллийн алба

21 дүгээр зууны эхэн үеийн АНУ-ын гадаад бодлогыг чадварлагаар тодорхойлсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл “Ковид-19”-ийн хүндрэлээр таалал төгслөө. Тэрбээр миелома буюу цусны дархлааны хариу урвалыг дарангуйлдаг цусны сийвэнгийн хорт хавдартай байжээ. Колин Пауэлл “Ковид-19”-ийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн байсан ч суурь өвчтэй байсан тул удаан тэсч чадаагүй тухай гэр бүлийнхэн нь мэдэгдсэн юм.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы үед үндэсний аюулгүй байдлын анхны өнгөт арьст зөвлөхөөр ажилласан байна. Мөн Ерөнхийлөгч асан Жорж Бушийн үед анхны өнгөт арьст Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний медалиар хоёр удаа шагнагдсан бөгөөд гадаадын орнуудад нэр нөлөө ихтэй зүтгэлтэн байсан юм.
Уржигдар АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш Колин Пауэллийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд хамгийн сайн найзаа алдсандаа гашуудаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Цагаан ордон, Төрийн департамент, Пентагон болон Засгийн газрын бусад байрууд Төрийн далбаагаа буулган гашуудал зарлажээ.


















