Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын байлдааны хөлөг онгоц худалдааны онгоцтой мөргөлджээ

АНУ-ын тэнгисийн хүчний пуужин сөнөөгч хөлөг онгоц Японы эргийн ойролцоо худалдааны хөлөг онгоцтой мөргөлдөж, хэд хэдэн багийн гишүүн бэртэж гэмтэн, 7 хүн сураггүй болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын байлдааны хөлөг онгоц худалдааны онгоцтой мөргөлджээ
АНУ-ын байлдааны хөлөг онгоц худалдааны онгоцтой мөргөлджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын тэнгисийн хүчний пуужин сөнөөгч хөлөг онгоц Японы эргийн ойролцоо худалдааны хөлөг онгоцтой мөргөлдөж, хэд хэдэн багийн гишүүн бэртэж гэмтэн, 7 хүн сураггүй болжээ. Одоогийн байдлаар хэдэн хүн гэмтсэн нь тодорхойгүй байгааг "Си Эн Эн" агентлаг мэдээлж байгаа юм.

Америкийн “Фитцжералд” пуужин сөнөөгч хөлөг онгоц нь Японы Ёкосука хотоос баруун өмнө зүгт 103 км зайд орон нутгийн цагаар урд шөнө 2 цаг 30 минутад мөргөлджээ. Бэртэж гэмтсэн нэг далайчныг эргийн хамгаалалтын нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн бөгөөд Фитцжералд хөлгийн баруун талд гэмтэл учирч, ус нэвтэрсэн ч, живэх аюулгүйг АНУ-ын тэнгисийн цэргийн 7-р флот мэдээлсэн байна.

Хөлөг одоогийн байдлаар хөдөлгүүрийн бага хурдаар Ёкосука хот руу явж байгааг "Си Эн Эн" агентлаг мэдээлжээ. АНУ-ын хөлөгтэй мөргөлдсөн онгоц нь Филлипиний далбаатай, 30.000 тонн жинтэй байсан байна. Осол болсон газар Токиогийн эргээс ирж буцах хөлөг онгоц ихээр явдаг, тун ачаалал ихтэй бүс юм байна. Гэвч Фитцжералд байлдааны хөлөг онгоц учраас радарын систем нь маш хүчирхэг бөгөөд 200 метр урттай тээвэрлэгч онгоцыг олж харалгүй, осол гарсан шалтгаан нь тодорхойгүй байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Фитцжералд хөлөг нь 330 багийн гишүүнтэй, өнгөрсөн хоёрдугаар сард 21 сая америк долларын засвар үйлчилгээ хийлгээд Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээгээд байсныг холбогдох албаныхан мэдээлсэн байна.


Хуваалцах