АНУ-ын Батлан хамгаалахын сайд, БНСУ-ын Ерөнхийлөгч нар Умард Солонгосын асуудлаар ярилцлаа
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж, Умард Солонгосын асуудлаар ярилцсан байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж, Умард Солонгосын асуудлаар ярилцсан байна. Мөн Солонгосын хойгтой холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэх нэгдмэл тохиролцоонд хүрчээ.
Өчигдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотод тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттисийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Жеймс Мэттис Ерөнхийлөгч Мүн Жэ Инд хандаж хэлэхдээ хоёр улсын харилцаа холбоо итгэлцэл дээр оршиж байгаа гэдгийг онцлоод, АНУ Өмнөд Солонгосын ард түмний аюулгүй байдлын төлөө хамтран ажиллах болно гэж мэдэгдсэн байна.
Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "АНУ-ын стратегийн зориулалттай зэвсэглэлийг Солонгосын хойгт байршуулсан явдал нь Умард Солонгосын талаас үзүүлж байгаа өдөөн хатгасан үйлдлийн эсрэг практик ач холбогдолтой арга барил" гэж мэдэгдсэн байна.
Тодруулбал, энэ нь Солонгосын хойгт АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний сөнөөгч онгоц тээгч зориулалтын хөлөг онгоцтой холбоотой асуудалтай холбогдож байгаа гэдгийг онцолж байгаа юм.
Ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сөүл хотод айлчлахаар болсон. Энэ хүрээнд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис тус улсад ажлын айлчлалаараа хоёр улсын хамтын ажиллагааг ойртуулахыг эрмэлзэж, үүнтэй холбоотой асуудлуудаар Өмнөд Солонгосын төрийн тэргүүнтэй уулзалт зохион байгуулж байгаа гэж олон улсын ажиглагчид харж буй юм байна.


















