АНУ-ын дээд шүүх 6 орны иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хориглох санаачилгыг дэмжлээ
АНУ-ын дээд шүүхийн есөн шүүгчийн долоо нь Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан 6 орны иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглохыг дэмжээд байна.
Мэдээллийн алба

АНУ-ын дээд шүүхийн есөн шүүгчийн долоо нь Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан 6 орны иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглохыг дэмжээд байна. Ерөнхийлөгч Трампын энэ зарлигт АНУ-ын доод шатны шүүхүүдээс хэсэгчлэн хориг тавиад байсныг хүчингүй болгосон гэсэн үг юм.
Энэ зарлигийн дагуу Иран, Ливи, Сири, Иемен, Сомали, Чад улсын иргэд АНУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болж байгаа юм. Трамп исламын шашинтай эдгээр орны иргэдийн эсрэг ийм хориг арга хэмжээ авсныгаа АНУ-аа терроризмаас хамгаалахад зориулагдсан гэдгийг тайлбарлаж байсан. Харин хүний эрхийг хамгаалагчид энэ зарлигийг нь эрс буруушаан шүүмжилдэг. Өмнө нь ч эсэргүүцэн шүүхэд хандаж байсан.
Мөн Хавай мужийн удирдлага болон АНУ-ын иргэний эрхийг хамгаалах холбооноос Ерөнхийлөгчийн зарлигийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж байсан. Тэд цагаачлалын хууль тогтоомжид харшилсан, мусульман шашинтуудыг ялгаварлан гадуурхсан зарлигийг Ерөнхийлөгч гаргалаа гэж буруушааж байсан юм.
Энэ нэхэмжлэлийг хэлэлцсэн доод шатны шүүхүүдээс зарлигийг хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэр гаргаж байсан нь ийнхүү өчигдөр дээд шүүхийн шийдвэрээр цуцлагдаад байна. Ерөнхийлөгч Трампын хувьд улс орныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ оны нэгдүгээр сард төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсныхоо дараахан ийм зарлиг гаргасан юм. Олон нийт, хүний эрхийг хамгаалагчид эсэргүүцэж байсан тул зарлигаа хэд хэдэн удаа өөрчилж байсан юм.


















