АНУ-ын Флинт хотын ундны усны асуудал олны анхаарлыг татаж эхэлжээ
Мичиган муж улсын Флинт хотын дамжуулах хоолойн уснаас цагаан тугалга илэрсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Барак Обама хотын эрх баригчид болон оршин суугчдад тусламж үзүүлэхээ амлажээ.
Мэдээллийн алба

Мичиган муж улсын Флинт хотын дамжуулах хоолойн уснаас цагаан тугалга илэрсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Барак Обама хотын эрх баригчид болон оршин суугчдад тусламж үзүүлэхээ амлажээ. Обама Детройтод үг хэлэх үеэрээ “Газар дээр нь хийгдэж байгаа ажлуудад нэмэлтээр нөөц хүч чиглүүлэх үүднээс хотод онц байдал зарласан. Хүмүүсийг шаардлагатай бүх зүйлээр нь улсаас хангахын тулд Холбооны зохицуулагчийг бас томилж байна” гэж мэдэгдсэн талаар “Си-Эн-Эн” телевиз уламжиллаа.
Хотын шугам хоолойн усанд хар тугалга агуулагдаж байгаа нь тогтоогдсон учраас АНУ-ын эрх баригчид Флинт хотод онц байдал зарлаж, хотын хүн амын эрүүл мэндэд аюултай энэ нөхцөл байдлыг мөрдөн шалгаж эхлээд байгаа юм.
Хөрөнгө мөнгө хэмнэх зорилгоор тус хотыг хоёр жилийн өмнө буюу 2014 онд Детройтын ус хангамжийн системээс гаргаж, Флинт голоос ундны усаа авдаг болгожээ. Түр зуурын гэгдэж байсан энэ арга хэмжээ хэрэгжиж эхэлсний дараагаас ус сонин амт, үнэртэй, бас харагдах байдал нь онцгүй байгаа тухай хотын иргэдээс гомдол гарах болсон байна. Бас хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ өндөр гарсан тохиолдлууд олширчээ.
Энэ бодист хордсон хүүхдүүдийн зан төлөв өөрчлөгдөж, ядарч сульдах, хөл, гар нь татах, ходоод, гэдэс нь өвддөг болсон гомдол ихэссэн байна. Улмаар 100 мянган хүнтэй Флинт хотыг өнгөрсөн оны 10 дугаар сараас буцаан Детройтын ус хангамжийн системд холбосон боловч иргэдийн гомдол зарга тасрахгүй байсаар АНУ даяар анхаарал татсан асуудал болоод байна. Хотод энэ сарын 6-наас экологийн онц байдал зарлаж, хотын иргэдэд савласан ус тарааж эхлээд байгаа юм байна.


















