АНУ-ын зарим компани “Хуавэй”-тэй хамтран ажилласаар байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас БНХАУ-ын харилцаа холбооны “Хуавэй” корпорацид хориг тавьсан хэдий ч хөдөлгөөнт техникийн процессор үйлдвэрлэгч Америкийн зарим компани энэ корпорацитай хамтран ажилласаар байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас БНХАУ-ын харилцаа холбооны “Хуавэй” корпорацид хориг тавьсан хэдий ч хөдөлгөөнт техникийн процессор үйлдвэрлэгч Америкийн зарим компани энэ корпорацитай хамтран ажилласаар байна. Энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Нью-Йорк таймс” сонин мэдээллээ.
Тухайлбал, “Интел”, “Микрон Техноложи” зэрэг компани сүүлийн гурван долоо хоногийн турш АНУ-аас өөр улсад үйлдвэрлэсэн процессороо “Хуавэй”-д нийлүүлсэн байна. Сонины мэдээллээс үзэхэд, энэ тохиолдолд АНУ-ын засаг захиргаанаас тогтоосон хоригт багтахгүй гэнэ.
Харин Америкийн үйлдвэрлэгчдэд “Хуавэй”-гийн зах зээл дээр гарсан загваруудын сэлбэг, эд ангийг нийлүүлэх хориг ирэх наймдугаар сарын дундаас хэрэгжинэ. Хоригт Хятадын ирээдүйд гаргах бүтээгдэхүүнээс гадна одоо байгаа загварууд ч багтаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн мэдээлэл холбооны дэд бүтцийг гадны аюул заналхийллээс хамгаалах онц байдлын дэглэмийн зарлигт өнгөрсөн тавдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан. Энэ дагуу АНУ-ын Худалдааны яам тавдугаар сарын 17-ноос Хятадын “Хуавэй” корпорацийг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулна гэж үзээд хар жагсаалтад оруулжээ.


















