"Аравт" морин цэргийн олон улсын уралдаан хоёр дахь жилдээ болно
Монгол Улсын Зэвсэгт хүчин "Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан.
Мэдээллийн алба

"Эр цэргүүд дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой" гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн "Олон улсын цэргийн наадам"-д Монгол Улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, Монгол Улсын Зэвсэгт хүчин "Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан.
"Аравт" анхдугаар уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве зэрэг орон ажиглагчаар оролцсон бөгөөд уралдааны тэргүүн байрт ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тэргүүлж, Казахстаны баг хоёрдугаар байрт, Киргиз, ОХУ-ын баг гуравдугаар байрт шалгарсан байдаг.
Тэгвэл "Аравт" морин цэргийн олон улсын уралдааныг Монгол Улс хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ.



















