Ард Кредит ББСБ-ын хувьцааны захиалга эхэллээ
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ард Кредит ББСБ-д Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлийг олгосон.
Мэдээллийн алба

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ард Кредит ББСБ-д Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлийг олгосон.
Ард Кредит нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 онд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай компани болсон юм. Сайн засаглал, ил тод байдлыг дээдэлсэн, Монгол хүн бүр өөрийн үйлчлүүлдэг санхүүгийн байгууллагынхаа хувьцааг эзэмшиж, ашиг шимээс нь хүртэх боломжийг бий болгох зорилгыг дэвшүүлэн ажилласны үр дүнд олон нийтийн эзэмшлийн Финтек компани болох ажил ийнхүү эхэлж байна.

Ард Кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг хэлэхдээ “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч, манай компанийн хэтийн зорилгыг дэмжсэн Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржийн удирдлагад хувьцаа эзэмшигчид болон хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Өнгөрсөн сард Ард Апп бэлэн болсноор санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх Финтек банк болох зорилго биеллээ олсон бол ийнхүү олон нийтийн эзэмшлийн компани болоход нэг алхам үлдлээ. Манай компани Монголын хөрөнгийн болоод санхүүийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хувьцааны анхдагч зах зээлийн захиалга 2 сарын 18-аас 3 сарыг 1-ний хооронд үргэлжлэх бөгөөд нийт хувьцааныхаа 25 хувийг буюу 70,000,000 ширхэг хувьцааг нийтэд санал болгон 4.90-5.425 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэх юм. Үүнээс анхдагч зах зээлд санал болгон арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35,000,000 ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувь буюу 35,000,000 ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгоно. Ийнхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд зах зээлд дөнгөж гараад буй Ард Аппаар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчдадаа хүргэх болно.

Ард Кредит ББСБ-ын IPO-д оролцохдоо аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцааны захиалга өгч болохоос гадна Ард Апп болон АрдX апп-уудыг ашиглан онлайнаар захиалга өгөх боломжтой.
Тус IPO-ны андеррайтэраар Ард Капитал ҮЦК, туслах андеррайтэраар Ард Секюритиз ҮЦК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далайван Аудит ХХК тус тус ажилласан юм.
Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерз (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.


















