Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах нь тодорхойгүй байна
Монгол Улсын тусгаар тогтнолыг батлах асуудлаар 1945 оны 10 дугаар сарын 20-нд улс орон даяар анх удаа ард нийтээсээ санал асуулга авч байжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын тусгаар тогтнолыг батлах асуудлаар 1945 оны 10 дугаар сарын 20-нд улс орон даяар анх удаа ард нийтээсээ санал асуулга авч байжээ. Тэгвэл 70 жилийн дараа ард нийтээсээ дахин санал асуулга авахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ удаагийнх Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол ард нийтээс санал асуулга авч болно гэсэн хуулийн заалт бий. Энэ дагуу гишүүн Н.Батбаяр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтээс санал асуулга авах хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Ингэхдээ энэ сарын 26-нд ард нийтээс санал асуулга авахаар хуулийн төсөлд тусгасан. Уг асуудлыг УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар хэлэлцсэн ч, сөрөг хүчний зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь биш гэж эсэргүүцсэн юм. Хэдийгээр тийм ч, УИХ-ын гишүүдийн олонх нь санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Одоогоор хуулийн төслийг холбогдох байнгын хороо хэлэлцээгүй байгаа учраас санал асуулга явууллаа гэхэд хэзээ явуулах вэ гэдэг нь тодорхойгүй байна.


















