Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ардчилсан төрийн наадмын өнгө

Ардчилсан төрийн энэ жилийн наадам аргагүй сайхан боллоо. Зуны сар дундаа ороход монгол түмэн үндэсний их баяр наадмаа тэсч ядан хүлээж, төв цэнгэлдэх хүрээлэн болоод Хүй долоон худагт өрнөсөн бүтээн байгуулалтын ажлууд хөлтэйхэн наадмын шинжийг илтгэж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
Ардчилсан төрийн наадмын өнгө
Ардчилсан төрийн наадмын өнгө. Зураг: МҮОНРТ

Ардчилсан төрийн энэ жилийн наадам аргагүй сайхан боллоо. Зуны сар дундаа ороход монгол түмэн үндэсний их баяр наадмаа тэсч ядан хүлээж, төв цэнгэлдэх хүрээлэн болоод Хүй долоон худагт өрнөсөн бүтээн байгуулалтын ажлууд хөлтэйхэн наадмын шинжийг илтгэж байсан. Ялангуяа баяр наадмын нээлт, хаалтын тасалбар нүдний гэм болж, орон сууцны байшингууд дундах хуучин стадион тойрон гороолох наадамчдын сэтгэлийг уртын дууны шуранхай л жаахан тэлэх шиг болсныг эс тооцвол ёстой дэнж хотойтол наадав.

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ойн үндэсний баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлээ. Дөнгөж өчигдөрхөн тангаргаа өргөсөн Ерөнхийлөгчийн зүүнээсээ гарсан ногоон малгай, дээл зүлэг ногоон дэвжээнээ зохисон ч гэж ванлий. Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар сурын алтан зурхайд морилж, уламжлал ёсоор эвэр нумыг эвшээлгэн сум тавив. Жанжин Д.Сүхбаатарын үеэс ийн сум тавьж, төрийн бодлогын зөв мэргэнийг зөгнөдөг байсан хэмээн хэлэлцэх нь ч бий.

Сурын талбайтай зэрэгцэн шагайн харвааны асар байдаг. Шагайн харваанд 42 баг цэц мэргээ сорьж, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ирсэн хоёр багийн нэг “Овоогийн говь”-ийнхон түрүүлж, “Тавантолгой транс”-ын баг гуравдугаар байрт оров. Харин Сэлэнгийн багтай шувтаргын тэмцээнд өрсөлдөж байсан “Баатар номин” багийнхан сүүлчийн сумаа тавилгүй босч явснаас шагайн тойрмын уламжлалд тусгаснаар хожигдсоноо хүлээсэнд тооцсон байна. Ийнхүү Т.Гантулга ахлагчтай Сэлэнгийнхэн хоёрдугаар байр эзэлж, тус багийн 15 настай харваач Г.Бүддорж улсын дэд мэргэний болзол хангажээ.

Ер нь Сэлэнгэ нутгийнхан одтой сайхан наадсаны яруу тод баталгаа бол хүчит 512 бөхөөс тус аймгийн Мандал сумын харъяат улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, хоймор нутгаас анхны аварга цолтон төрсөн явдал юм. Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, улсын өсөх идэр начин Б.Гончигдамба зургаагийн даваанаас эхлэн харцага, заан, гарьд цолны болзлыг дараалан хангаж, залуу аварга С.Мөнхбатаар найм давж үзүүрлэн бахдам сайхан амжилт гаргалаа. Ардчилсан төрийн наадамд долоо давсан аймгийн арслан Б.Батмөнх улсын заан, зургаа давсан аймгийн арслан Н.Түвшинбаяр, Э.Оюунболд, Н.Батсуурь улсын харцага, тав давсан аймгийн арслан Т.Баасанхүү, Л.Цэрэнтогтох нарын улсын начин шинээр төрлөө. Даян аварга Г.Өсөхбаяр зургаагийн даваанд улсын начны болзол хангасан Н.Түвшинбаярт тахимаа өгсөн нь олныг шуугиулав. Төрийн их зайран М.Баатар энэ жил Г.Эрхэмбаяр арсланг түрүүлж, аймгийн арслан Л.Цэрэнтогтохыг улсын начин болно хэмээн бөхчүүд дөнгөж галын бэлтгэлдээ гарч байх үест хэлж байсан нь яах аргагүй онов.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлж байхад Хүй долоон худагт хурдан азаргануудын түрүүчбарианд орж ирлээ. Наадмын өглөө Хурдан морины комисст бүртгүүлсэн 204 азарганы 187 нь гарааны зурхайгаас эргэж, УИХ-ын эрхэм гишүүн, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн халзан азарга улсад гурав дахь удаагаа түрүүллээ. Монгол Улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн энэ түрүү азарганы уяа сойлгыг Өмнөговь аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар тааруулж, 14 настай Т.Баярхүү унаж хурдлуулжээ. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хар азарга аман хүзүүнд орж, Дундговийн Дэрэнгийн харъяат, аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн унаган зээрд, Архангай аймгийн Ихтамирын Г.Тэмүүлэнгийн зээрд, Өвөрхангайн Өлзийт сумын Д.Сугарын хул азарга айрагдлаа. Өнгөрсөн жил төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн хул азаргыг Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон уяжээ.

Их насны морьдын уралдаанд 381 шандаст хурдан хүлэг тоосоо өргөж, газрын цээж хүртэл Б.Содномцогийн дарцаг зээрд, М.Батсамбуугийн халтар, М. Энхболдын хүрэн халзан, Ц.Цэнгэлийн хээр морь өнгөлж явсан боловч Д.Хишигжаргалын хонгор түрүүллээ. Барианы газарт морьд хүлээсэн олны дунд ялсан төрийн наадам гэдэг ч ортой юмаа. Ардын намын том уяачдын морьд аргагүй өнгөлж байсан ч барианд ороход барсангүй дээ хэмээх үг чих дэлсч билээ.

Долдугаар сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн хээр шүдлэн түрүүлжээ. Энэ жилийн наадамд уралдуулах морьдыг шүдлэхдээ Хурдан морины комиссынхон эрлийз морьд мордуулахгүй байхад ихэд анхаарсан юм. Тэдгээр морьдыг сэрвээний өндөр, биеийн ерөнхий галбирыг харгалзан бүртгэхгүй байлаа. Ялангуяа шүдлэн насны морьд барианд ороход түрүү, аман хүзүү болон гурав, тавдугаар байрт ирсэн шүдлэнг хасчээ.

Харин эрлийз морьдын уралдаан зохион байгуулах тухай журмын дагуу эрлийз бага насанд 65 даага мордож, Монгол Улсын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага магнайдаа тоосгүй түрүүлж, Төв аймгийн Угтаалын уяачН.Гантулгын сартай зээрд аман хүзүүлэн, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн бор, мөн Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хар, Архангай аймгийн Ихтамирын Д.Мөнхсайханы хээр даага айрагдсан байна. Ер нь манай томоохон уяачдын уяан дээрээс эрлийз морьд их төлөв морддог бололтой.

12-ны өглөө чухамдаа Хүй долоон худагийг хүн, машин, асар майхан битүү бүрхжээ. Хурдтай, хүчтэй соёолон морьдын тоосонд орохыг билэгшээдэг монгол түмэн энд л цугласан болов уу гэмээр. Эмх журамтай байрлуулсан асар майхан, гэрүүдээс гадна худалдаа, нийтийн хоолны цэгүүд, автомашины зогсоол зэрэг газруудын ойр орчмын талбайг цардаж, засмал зам тавьж, өнгө өнгийн цэцгийн мандал байгуулан автоцистернээс усална. Улсын баатар Э.Бат-Үүл АН нийслэлд бүрэн ялсны анхны наадамд бэлтгэж, аргагүй л их хүч хөдөлмөр зарцуулсан нь илт мэдэгдэнэ. Наадамчид ч ам сайтай байлаа. Харин гурван мянган хүний суудал зэхсэн ч УИХ-ын дарга З.Энхболдод хөл амраах сандал олдоогүй нь жаахан базаахгүй.

254 хурдан соёолонгийн туурай газар бөмбөрдөж, зурхайны газраас зуузай нийлүүлэн эргэлээ. Зурхайн 80 метр өргөнтэйшугамыг хоёр дахин уртасгаж 160 метр сунгасан болохоор морьд бараг нэг эгнээгээр гараанаас гарав. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, “Ховд аймгийн хөгжлийн төлөө” сангийн тэргүүн Ш.Адьшаагийн хонгор соёолон магнайлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн удаалж, Дорнод аймгийн Матадын аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын саарал,Төв аймгийн Баян сумын аймгийн Алдарт уяач Х.Цогтсайханы хүрэн, Ховдын Дөргөний уугуул, “Гарьд зам” компанийн захирал Н.Батбаярын бор үрээ айрагдлаа. Ш.Адьшаагийн хонгор үрээ Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар шүдлэн насандаа түрүүлж байсан бөгөөд тэдний уяан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бууж, соёолонгийн хөлсөнд хүрэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны шарга үрээг унаж, соёолон насны айргийн таван морьдын тоосонд хийморио сэргээсэн юм.

Эрлийз дунд насны морьдын уралдаанд Ерөнхийлөгчийн элбэг хээр үрээ түрүүлж, түмэн олноо баясгав. Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Б.Батсүхийн саарал үрээ ирж, Завханы Эрдэнэхайрханы Н.Даш-Өлзийн зээрд, Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн бор халиун, Өмнөговь аймгийн Даланзадгадын Б.Бадраагийн зээрд үрээ айрагдлаа.

Харин эрлийз дээд насанд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Ган-Очирын хүрэн түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийнсартай хээр, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын А.Ариунсайханы зээрд, Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач У.Буяндэлгэрийнбор, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Бадрахын хээр халзан удааллаа.

Долдугаар сарын 13-ны өглөө Хүй долоон худагт бороотой байсан ч уяачдын наадам уламжлал ёсоороо эхэллээ. Энэ өдөр эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан болж,
жороо морины тойргийн уралдаан наадамчдын сонирхлыг ихэд татлаа. Уяачдын наадамд хүчит 128 бөх барилдаж, Булганы Бүрэгхангайн харъяат улсын заан Д.Баасандорж түрүүлсэн юм. Ийнхүү үндэсний их баяр наадам өндөрлөж, Монгол Улсын ууган дөрвөн аймаг Архангай, Төв, Хэнтий, Завханы 90 жилийн ойн наадамтай хамт бүсийн хурдан морьдын уралдаан энэ сарын сүүлчээр болно.

Х.Аянга

Хуваалцах