Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардын намын сайдуудад ардууд ам сайтай байна

Оны отгон ихэвчлэн үйл явдлаар дүүрэн байдаг. Энэ жилийн тухайд шинэ оныг шинэ Засгийн газартай угтах гэж байна. Шийдлийн гэнэ үү, эв нэгдлийн гэнэ үү, юу ч гэж нэрлэсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 7 минут
Ардын намын сайдуудад ардууд ам сайтай байна
Ардын намын сайдуудад ардууд ам сайтай байна. Зураг: МҮОНРТ

Оны отгон ихэвчлэн үйл явдлаар дүүрэн байдаг. Энэ жилийн тухайд шинэ оныг шинэ Засгийн газартай угтах гэж байна. Шийдлийн гэнэ үү, эв нэгдлийн гэнэ үү, юу ч гэж нэрлэсэн энэ Засгийн газар бол Чимэдийн Сайханбилэгийн Засгийн газар. Улс төрийн дөрвөн нам Засгийн газрыг бүрдүүлнэ. Хамгийн эхлээд МАН зангараг зааж, зургаан сайдаа тодруулсан. Төр засгаасаа ямагт сайн, сайхныг хүлээж суудаг ардууд ч ам сайтай хүлээн авав. Сэтгэл нь догдолсон хүмүүс бие биедээ утас цохиж, сайдад нэр дэвшигчдийн талаар санал сэтгэгдлээ хуваалцаж байна. Олон сая хүнтэй, том улсад Засгийн газар солигдохыг ихэнх нь тоодоггүй. Байдаг л зүйл. Харин Монголд бол тийм биш. Сайдад нэр дэвших түвшний хүмүүс дандаа олны танил байдаг.


Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүх:

“...1990 оны их бужигнаан эхлэхэд төр, засгийн эрхийг дангаар барьж байсан МАХН-аас эхлээд тухайн үеийн томчуудын хүүхдүүд, намын өөрийн нь цорын ганц дээд сургуулийн багш нар оройлон хулжиж эхэлсэн. Эрдэм боловсрол, үзэж дуулсан нь биш харин амиа хоохойлох арга, овсгоо самбаа нь давамгайлсан биз. Тэгээд ч ноён урваач, нохой шарваач гэдэг дээ...”

Ийм нэгэн цаг үед МАХН-ын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байсан хоёрхон залуу их содон харагддаг байв. Нэг нь МУИС-ийн хуулийн салбарын оюутан Балган. Нөгөөх нь армийн офицер Ухнаагийн Хүрэлсүх. У.Хүрэлсүх жолооч хүний хүү. Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөөд армийн нэг ангид улс төрийн ажилтан байсан юм билээ. Тэр итгэл үнэмшлээрээ МАХН-ын төлөө цэргийн албаа дуусгасан. Түүнд олон чадвар байв. Хамгийн гол нь тэрбээр залуучуудыг дагуулж чаддаг. Уралдвал ч уралдана, барилдвал ч барилдана. Дуулна, хөгжимдөнө. Аливаад туйлбартай үнэнч, хэнийг дэмжих, урамшуулах, бас хэнд ухамсарын шанаа өгөхөө мэднэ. Ер нь монголчууд нэг иймэрхүү чанарыг ихэд үнэлдэг. Тэр бол тэмцэгч. Намын дэргэд залуучуудын байгууллага байгуулж, залгамж чанарыг нь хадгалж ирсэн. Ардын намд өнөөдрийн улс төрийг өнгөлж яваа Ерөнхий нарийн бичгийн дарга, яруу найрагч Ж.Мөнхбат тэргүүтэй бүхэл бүтэн үеийг У.Хүрэлсүх бэлтгэж, төлөвшүүлж өгсөн. Тэрбээр Монголын улс төрд үнэхээр өөрийн орон зайтай улс төрч болохоо харуулж чадав. Тэр ажил хэрэгч хүн. Онцгой байдлын ерөнхий газрын нэр нь хүртэл түүнтэй холбоотой. Байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хөлөө олохгүй байгаа Мэргэжлийн хяналтынхан шадар сайдаа алга ташин угтаж байна. У.Хүрэлсүхийг эрхэлсэн сайд нь байх үед энэ байгууллага хамгийн үр дүнтэй ажиллаж, ажилллагсадын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд том алхам хийсэн юм билээ. У.Хүрэлсүх шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын О.Магнай шиг залуучуудтай жинхэнэ ажиллаж чадна. Шинэ засгийн газрын “хоёр сайхан залуу” гэсэн үг дорхноо гарав. Одоо сайн ажиллах л үлдэв. Сайхан төрх, нуруу туруугаар бүхнийг шийддэггүй. Зүгээр л нэг тал нь. Дэлхийн хувьсгал хийсэн В.И.Ленин 158, Хятадын шинэчлэлийн эцэг Дэн өвөө 148 см-ийн өндөртэй байсныг хааяа санахад илүүдэхгүй. У.Хүрэлсүх саяхан өвөө болсон гэсэн. Түүний хүчтэй гар урагшаа хурдан савахгүй болсон байх аа.


Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол:

Тойрог солилгүйгээр Завхан аймгаас дөрвөн удаа УИХ-д нэр дэвшиж гурван удаа сонгогдон ажиллаж байгаа түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг дааж яваа улс төрч. Парламентад хамгийн олон жил сууж туршлагажсан эмэгтэйчүүдийн тэргүүн эгнээнд бичигдэнэ. МАН-ынхаа үзэл баримтлалыг тууштай хамгаалдаг. Улс төрийн уналт, босолтыг туулж ирсэн эмэгтэй.

УИХ-д байнгын хорооны даргаар сайн ажиллаж байсан гэдгийг бид мэднэ. Олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжийг нэмэх, тэднийг төрөөс тусгайлан харж үзэх, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах гэхчилэн цаанаа л хүний төлөө сэтгэл шингэсэн санаачлага гаргаж, хууль батлуулах гэж хөөцөлдөж ирсэн их дайчин чанарыг шингээсэн, эрх ашгаа зөв эрэмбэлж чаддаг улс төрч.

Улс орныхоо эрх ашгийн төлөө хэлэх гэсэн үгээ хэний ч өмнө зоригтой хэлчихдэг, төрийнхөө өмнө өргөсөн тангарагтаа үнэнч гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын албыг хашиж байна.

Түүнийг МАН-аас Байгал орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшүүлсэнд ард иргэд талархан нүдээ олсон томилгоо болжээ гэж дүгнэж байна. Д.Оюунхорол гишүүнд бодлогоо хэрэгжүүлэх боломж олгох ёстой. Энэ томилгоогоор МАН улс төрд мэргэшсэн, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдээ дэмждэг, ямар ч томилгоонд эмэгтэйчүүдээ мартдаггүйг харууллаа.


Өвөрхангайн ялагчид буюу С.Чинзориг, Н.Төмөрхүү:

С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хувьд МАН үнэхээр шударга шийджээ. Шинэ цагийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хоёр залуугаасаа улс төрийн уучлал гуйжээ. МАН-ын санаачлагаар Өвөрхангай аймагт анх нэр дэвшсэн Н.Төмөрхүү 43 хувийн санал авсан юм. 25 хувийн босготой парламентад ийм санал авах нь топ улс төрчдийн гаргадаг амжилт. Шүүхийн шийдвэрийн эсрэг Н.Төмөрхүү ямар ч хэл үг гаргаагүй нь улс төртэй хутгалдаж, албан тушаалын төлөө албин ааш гаргах хүн биш гэдгээ харуулсан хэрэг. Тэр бүтээгч хүн. Олны нүдэн дээр сүндэрлэж байгаа “Тусгаар тогтнолын ордон” түүний бүтээл. “Өндөр буянт” ХХК олон сайн орд харш барьсан. Байшин барих, зам барих нь утга нэгтэй. Хийж бүтээхийг зовлон, жаргалыг тэр маш сайн мэднэ. Хийдэг хүн хэлдэг хүнээс ямагт тохой өндөр байдаг.

Өвөрхангай аймгийн засаг даргаар ажиллаж байсан төрийн түшээ О.Батмөнх намдаа, Монголын төрд хоёр сайн залуу бэлтгэж өгсний нэг нь С.Чинзориг. Тэр аймгийн Засаг даргын орлогч, Иргэдийн хурлын даргаар 8 жил, дэд сайдаар бас 8 жил ажилласан. Олон таван үггүй, эгэл даруухан, хийх ёстой ажлаа л хийдэг улс төрч. Мөнгөтэйн өмнө мөнгөгүй хүн хүчгүйдэхийн зовлонг тэр биеэр туулсан. Мөнгөний өмнө шүүх яаж бөхийдгийг ч бас арьсаараа мэдэрсэн. Ялсан байж ялагдана гэдэг улс төрчид хүндхэн цохилт. Гэхдээ тулхтай, ноён нуруутай улс төрчийн хувьд С.Чинзориг энэ цохилтонд унаагүй. Тэр өөрөөсөө, аймгийн сонгогч түмнээсээ, намаасаа урваагүй. Ноён нуруутай, сэтгэлийн хаттай байж ялан дийлж, дахин өндийн босч чадсан. Хөдөлмөрийн салбарыг С.Чинзориг дэндүү сайн мэднэ.Тэрээр Төрийн захиргааны орон нутгийн болон төв байгууллагад ажиллаж ирсэн туршлагатай, бэлтгэгдсэн төрийн хар хүн гэдэгт эргэлзэх аргагүй. Хөдөлмөрийн салбарыг С.Чинзориг дэндүү сайн мэднэ. Санжмятав сайд сайн ажилласан гэсэн. Сайн сайдын үүдтэй яам байж болох юм.


Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

Жирийн нягтлан бодогчоос санхүү хэлтсийн дарга, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, Сангийн сайд болж байгаа хүн бол Сэлэнгийн гэх тодотголтой Эрдэнэбат. Хурдан өсч байгаа залуу улс төрч. Тэрээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгаа багагүй хөгжүүлсэн, ажлын туршлага ихтэй ч түүнийг Шийдлийн Засгийн газрын шийдэмгий сайд байж чадах эсэхийг ирэх 1.6 жил харуулах учиртай. Ардын намд улсын сан хөмрөгийг атгах боловсон хүчин олон боловч энэ салбараа сэргээнэ гэж итгэн Ж.Эрдэнэбатыг сонгосон нь түүний Монголын эдийн засгийн тулгуур багана, ноён нуруу болох Сэлэнгэ аймгийнхаа хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг нь, санх үү, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсын төсвийг залуурдаж чадахуйц боловсон хүчин гэж үзсэнтэй холбоотой. Мөн үүгээрээ ардын намынхан орон нутгийнхандаа ихээхэн итгэл өвөрлүүлж байгаагийн нэгэн илрэл гэж үзэж болох юм.


Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар:

Үг дуу цөөтэй боловч ажилласан салбар бүртээ танигдаж чадсан эрхэм бол Д.Цогтбаатар мөн. Өндөр боловсролтой, үүрэх ёстой ачаагаа үүрч чаддаг, өнгө мөнгөнөөс хол гээд түүнд сайн чанар маш олон бий. Илүү ч үгүй, дутуу ч үгүй хүн. “Манай сайдаар хагас жил ажилласан боловч бүрэн танигдаж чадсан. Зарчимч, хамт ажиллагсаддаа дарамт шахалт үзүүлдэггүй, гаргасан шийдвэртээ туйлбартай хүн” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ахмад ажилтан, доктор Д.Энэбиш өгүүлэв. Зургаан сарын дотор маш зөв зарчим, үйл ажиллагааны чиглэл тогтоож, бодлого тодорхойлж чадсан юм билээ. Ийм хүнд бүтэн, хагас жил гэдэг их хугацаа.

МАН-аас нэр дэвшсэн сайд нарыг хүмүүс ингэж хүлээн авч байна. Их хамба Д.Чойжамц ламтны онож айлдсанаар “хүн муу хэлэхийн дон шүгэлсэн” өнөөгийн нийгэмд улс төрчдөд сайн хандах нь тунчиг ховор.

Дүнжингарав хайрханаа дээдлэн шүтдэг Төв аймгаас угшилтай М.Энхболд том улс төрийг толгойлогчдын нэгний хувьд бүх талаар төлөвшин, ухаан, хүч нь жигдэрч, үнэхээр л дүнжгэр харагдаж байна. Улс төр гэдэг бодохын ухаан. Тэр нөхдийн хамт энэ удаад үнэхээр сайн бодож чаджээ. Ажил хийж чаддаг хүнд ачааны хүндийг үүрүүлддэг, итгэдэг байсан ууган намын уламжлал энэ хүний өнгөн дээр сэргэх шинжтэй. Шартай нэгэн нь шантаажны улс төр хийж болох юм. Ийм арга хол явахгүй ээ.

Миеэгомбо багшийн хүү манлайлан өнгө, мөнгөний нийгэмд нэгэн шинэ гэрэл асаав. Ардуудын ярьдгаар шинэ сайдуудын хувьд итгэлийг зүтгэлээр хариулж, чөмгөө дундартал ажиллах л үлдэв. Тэд чадна.

Сэтгүүлч А.ВАНГАН
Эх сурвалж: NEWS.MN

Хуваалцах