Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аргентины Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарлаа

Өчигдөр Аргентин улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болж өндөрлөлөө. Сонгогчдын ирц 79 хувьтай байсан боловч нэр дэвшигчдийн аль нь ч хангалттай санал авч чадаагүй

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аргентины Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарлаа
Аргентины Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Аргентин улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болж өндөрлөлөө. Сонгогчдын ирц 79 хувьтай байсан боловч нэр дэвшигчдийн аль нь ч хангалттай санал авч чадаагүй учраас ирэх сарын 22-нд сонгуулийн хоёр дахь шатыг зохион байгуулахаар болсон байна.

Сонгуульд нийт 6 нэр дэвшигч өрсөлджээ. Тэдний дунд консерватив намын Маурисио Макри, Сайд нарын танхимын тэргүүн асан Серхио Масса болон Аргентиний өнөөгийн Ерөнхийлөгч Кристина Фернандезийн дэмжлэгтэй нэр дэвшсэн гэгдэх Даниэль Сциоли нар хүчтэй өрсөлдөгчдөд тооцогдож байсан байна. Эдгээр нэр дэвшигчээс 2007 оноос хойш Буэнос Айрес мужийн захирагчаар ажиллаж байгаа Даниэль Сциолиг Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай гэж ажиглагчид үзэж байсан юм байна. Сонгуулийн дараа санал тоолох үеэр ч олон улсын хэвлэлүүдээр түүнийг Аргентины Ерөнхийлөгч боллоо гэсэн мэдээлэл тарж эхэлсэн юм.

Гэвч тооллого дууссаны дараа үр дүнг зарлахад ялалт байгуулахуйц хангалттай санал авсан нэр дэвшигч байхгүй нь тодорхой болжээ. Аргентины хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын нийт саналын 45 хувь авах, эсвэл өрсөлдөгчдөөсөө 10 хувиар илүү санал авсан нөхцөлд сонгогдох ёстой байдаг. Гэвч энэ удаагийн сонгуульд Даниэль Сциоли 35.9 хувь, Маурисио Макри 35.2 хувь, Серхио Масса 20 гаруй хувийн санал авсан байна. Тиймээс ирэх сарын 22-нд хамгийн их санал авсан нэр дэвшигчид болох Даниэль Сциоли, Маурисио Макри нар хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөхөөр болж байна.

Хуваалцах