Архангай аймгийн элэгний С вирустай иргэдэд Харвони эмийг үнэгүй олгоно
Манай улс элэгний өвчлөл, хавдраар олон улсад тэргүүлдэг. Нийт хүн амын тал хувьд нь С, В вирусын идэвхжилт нэмэгдэж, нас баралтын гол шалтгаан нөхцөл болсон.
Мэдээллийн алба

Манай улс элэгний өвчлөл, хавдраар олон улсад тэргүүлдэг. Нийт хүн амын тал хувьд нь С, В вирусын идэвхжилт нэмэгдэж, нас баралтын гол шалтгаан нөхцөл болсон. Тиймээс Засгийн газраас “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг ирэх дөрвөн жил хэрэгжүүлэхээр болж, эхний удаад Архангай аймгийн иргэдийг шинжилгээнд хамруулж, С вирусыг эмчлэх Харвони эмийг үнэ төлбөргүй олгохоор болжээ. Архангай аймаг нь элэгний С вирусын халдвараар улсад тэргүүлдэг байна.
Тодруулбал, манай улс АНУ-ын компанитай хамтран элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг зах зээлд хямд үнэтэй нийлүүлж эхэлсэн. Энэ эмийг нийлүүлж байгаа “Гилеад сайнс” компани манай улсын Засгийн газарт санал тавьж, Нийгмийн хариуцлагын хүрээнд 2000 хүн тун бүхий эмийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр болсон байна. Үнэ төлбөргүй өгч байгаа эм монголын нийт хүн амд хүрэлцэхгүй учраас нэг аймгийг сонгож, бүх иргэдийг нь үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах юм. Арханхай аймагт санамсаргүй байдлаар дөрвөн хүнд шинжилгээ хийхэд 1-2 хүн нь элэгний С, В вирустэй байгааг сумын эмч нар хэлж байсан. Хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг байнга авах боломж хомс учраас элэгний хавдар хүндэрсэн шатандаа бүртгэгдэх нь их байдаг байна.
Элэгний хорт хавдар манай улсад аюултай тахлын хэмжээнд хүрсэн. 100 мянган хүн тутмын 600 гаруй хүн нь элэгний хорт хавдраар өвчилсөн байгааг судалгаар тогтоожээ. Үүнийг олон улстай харьцуулахад зургаа дахин их байна. Уг нь элэгний хорт хавдрыг эрт үед нь оношловол бүрэн эдгэрэх боломжтой. Тиймээс элэгний өвчлөлийг эрт үед илрүүлэх, хүн бүрийг нэгдсэн шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.


















