Армийн эмэгтэйчүүдийн төлөөлөлд баяр хүргэв
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан Хууль зүйн байнгын хороо, Эмэгтэй гишүүдийн зүгээс армид алба хааж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч баяр хүргэлээ.
Мэдээллийн алба

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан Хууль зүйн байнгын хороо, Эмэгтэй гишүүдийн зүгээс армид алба хааж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч баяр хүргэлээ.
Уулзалтад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Арвин, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар болон Хойд Судан, Өмнөд Судан, Сьерра-Леон, Афганистан дахь энхийг дэмжих ажиллагаанд удирдах албан тушаал хашиж байсан таван эмэгтэй /БХЯ-ны Гадаад хамтын ажиллаганы Европын орнуудын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа О.Ариунаа, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Нямжаргал, БХХСАХНЭ-ийн Дотрын нэгдүгээр тасгийн эрхлэгч, дэд хурандаа П.Самбуужанцан нарын/ оролцов.
Уулзалтын эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат улс орныхоо батлан хамгаалах үйлсэд зохих хувь нэмрээ оруулж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааанд оролцон дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж байсан тэдгээр эмэгтэйд Зэвсэгт хүчний уламжлалт баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Цэргийн албаны эмэгтэйчүүд хүнд нөхцөлд эрчүүдийн нэгэн адил үүргээ чадварлаг гүйцэтгэж байгаа нь бахархах сэтгэл төрүүлэх төдийгүй залуу хойч үеийнхэнд үлгэр жишээ болох учиртай”-г тэмдэглэн хэллээ. Тэрбээр бас өөрийгөө “хугацаат цэргийн алба хааж явсан бэлтгэл ахмад” харин Д.Арвин гишүүнийг “тухайн үедээ цэргийн албанд ажиллаж байсан бэлтгэл дэд хурандаа” хэмээн танилцуулсан юм.
Дашрамд дурдахад, Монгол Улс 2002 оноос хойш НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бөгөөд манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс олон улсын энхийг дэмжих ажиллаганд нийт 11 мянган хүн оролцсоны 2.9 хувь буюу 341 нь эмэгтэйчүүд байдаг аж.


















