Асбест уушги тоосжих өвчин, уушгины болон голтын хавдар үүсгэдгийг тогтоожээ
АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар асбесттай харьцаж ажилласнаас хойш 15-20 жилийн дараа уушги тоосжих өвчин, 20-25 жилийн дараа уушгины хавдар, 40 гаруй жилийн дараа голтын хавдар тохиолддог гэж тогтоосон байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар асбесттай харьцаж ажилласнаас хойш 15-20 жилийн дараа уушги тоосжих өвчин, 20-25 жилийн дараа уушгины хавдар, 40 гаруй жилийн дараа голтын хавдар тохиолддог гэж тогтоосон байна. Манай улсад 1960-д оны эхээр анхны цахилгаан станц ашиглалтад орж энэ үеэс эхлэн Монгол Улс асбестан цемент болон асбест агуулсан бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортолж цахилгаан станц болон үйлдвэрийн газруудад ашиглаж ирсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв асбесттай харьцан ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог бий болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж, асбесттай холбоотой өвчний тохиолдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой сургалт хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд буюу маргааш зохион байгуулах гэж байна.
Тус хэлэлцүүлгийн үеэр асбест агуулсан бүтээгдэхүүн, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин, түүний оношилгоо, урьдчилан сэргийлэлт, асбест агуулсан бүтээгдэхүүний хор, хөнөөл, асбесттай орчинд ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа, гадаад орнуудын туршлагыг хуваалцах аж. Сургалт хэлэлцүүлэгт ХНХЯ, БОАЖЯ, МХЕГ, Гаалийн ерөнхий газар, НДЕГ, ХАБЭМТ-ийн эмч, эрүүл ахуйчид, НЭМҮТ, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, судлаачид, дулааны болон цахилгаан станцын ажилчид, холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцоно. Ташрамд дуулгахад, дээрх сургалт хэлэлцүүлэг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хурлын зааланд 08:00-14:00 цаг хүртэл үргэлжилнэ.


















