АСЕМ-аар ямар асуудал хэлэлцэх вэ
Ази Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэлсэн.
Мэдээллийн алба

Ази Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэлсэн.
Өнөө өглөө нээлтийн арга хэмжээ дууссаны дараа АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт дөрвөн үндсэн хурал болох
Ази-Европын Парламетчдын уулзалт,
Ази-Европын залуучуудын уулзалт,
Ази-Европын Бизнесийн уулзалт,
Ази-Европын түмний түмний уулзалтын төлөөлөгчид хурал тус бүрээс гарсан дүгнэлтийг Дээд түвшний уулзалтад танилцуулсан.
Дээд түвшний уулзалтын Нэгдүгээр нэгдсэн хуралдаан "Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь", Хоёрдугаар салбар хуралдаан "АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо" сэдвээр явагдаж байгаа юм.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаар ямар асуудал хэлэлцэх талаар судлаач шинжээчид таамаг дэвшүүлсээр байсан. Учир нь энэ уулзалтаар хэлэлцэх асуудлыг урьдчилж төлөвлөдөггүй бөгөөд тухайн үед тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцдэг.
Энэ удаагийн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бүс нутгийн болоод олон улсын тулгамдсан асуудал тэр дундаа цэргийн заналхийлэл, Умард Солонгосын цөмийн зэвсгийн аюул заналын эсрэг хэрхэн хамтрах тухай далайцтай асуудлыг хэлэлцэх талбар болно хэмээн судлаачид үзэж буй. Мөн уг уулзалтаар Их Британи Европын холбооноос гарахтай холбоотой шийдвэрээс улбаалсан дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг арилгах тал дээр илүү ач холбогдол өгч хэлэлцэх байх гэж ажиглагч, шинжээчид таамаг дэвшүүлсэн байна.
Мөн Францад болсон террорист халдлагатай холбоотойгоор терроризмын асуудлыг хэлэлцэх нь тодорхой болоод байгаа юм.
Үүнээс гадна АСЕМ-ын уулзалтын үеэр Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааныг хэлэлцэж магадгүй гэсэн таамаг яригдаж байсан. Харин Хятадын гадаад хэргийн дэд сайд “БНХАУ-ын Засгийн газар Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааныг АСЕМ-ын уулзалтын хэлэлцэх асуудалд оруулаагүй, иймд үүнийг дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудалд оруулах ёсгүй. АСЕМ бол газар нутгийн маргаан хэлэлцдэг талбар биш, тиймээс АСЕМ-ын үеэр Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой юу ч ярихгүй” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн БНХАУ-ын санаачилсан “Торгоны зам” эдийн засгийн бүс болоод Монголын талын санаачилсан “Талын зам” хөтөлбөрийг илүү уялдаатай болгох талаар хэлэлцэнэ гэж Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ.



















