АСЕМ-ийн уулзалтын үеэр зочид буудлуудад ажиллах хүмүүсийг тусгайлан бэлтгэж байгаа гэв
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ийн байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч П.Цагаан өчигдөр Европын Холбооны Гадаад xарилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ийн байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч П.Цагаан өчигдөр Европын Холбооны Гадаад xарилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ирэх 2016 оны долоодугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын 4000 гаруй зочид, төлөөлөгчдөд зориулсан хурлын байр, зочид буудлын бэлтгэл ажлын талаар санал солилцон ярилцлаа. АСЕМ-ийн зочдод зориулан тогтоосон хязгаар бүсийн хүрээнд, заасан аюулгүй байдлыг хангасан 44 зочид буудлыг бэлтгээд байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулав. АСЕМ-ын хүрээнд нэгдсэн веб хуудас нээж, түүнд байршуулсан зочид буудлаас төлөөлөгчид сонголтоо хийх боломжтой болох юм байна. Одоо бэлэн байгаа зочид буудлуудаас гадна энэ онд багтаан ашиглалтад оруулах "Holiday Inn", "Sheraton", "Shangri La"-гийн салбар зочид буудлууд, Их тэнгэрт баригдаж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зэрэг өндөр түвшний зочдын байрлах эко буудлуудын талаар мөн ярилцсан юм.
Зочид буудлуудын байршил, тохижилт, аюулгүй байдал, зочдын тав тухыг хангах байдал, хурлын танхимууд, уулзалтын өрөөнүүд, орчуулгын систем, Ерөнхийлөгчийн өрөөнүүдийн хамгаалалтын систем, хэвлэл, мэдээллийн сурталчилгаа зэрэг сэдвүүдийг энэ үеэр мөн хөндөн ярилцлаа. Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахтай холбогдуулан зочид, төлөөлөгчдийг хүлээн авах буудлуудын ажилтнуудыг сургалтад хамруулж байгаа бөгөөд тусгайлсан мэргэжлийн хүн ирүүлэн бэлтгэл ажил хангуулах ажилд оролцуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ийн байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч П.Цагаан санал дэвшүүллээ.


















