АСЕМ-ын хуралд бэлтгэх Хэвлэл мэдээллийн ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатарын ахалдаг АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсэг энэ сарын 10-нд хуралдлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатарын ахалдаг АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсэг энэ сарын 10-нд хуралдлаа.
Хуралд АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар, МСНЭ болон Зочид буудлын нэгдсэн бүртгэл мэдээллийн otog.mn цахим хуудасны баг оролцож, ажлын хэсгийн хариуцсан бэлтгэл ажлын явц, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй ярилцаж, ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ажлуудаа тодорхойлов.
Дээд түвшний уулзалтын арга хэмжээг урьдчилсан байдлаар дэлхийн 50 гаруй орны 1000 гаруй сэтгүүлч сурвалжлах төлөвтэй байна. Тэдгээр олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээр дамжуулан дэлхий нийтийн анхаарал Монгол Улс руу чиглэх учир гадаадын сэтгүүлчдийг бүртгэхээс эхлээд зочид буудалд байрлуулах, шаардлагатай мэдээллээр хангах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, үндсэн арга хэмжээний үеэр ажиллах Мэдээллийн төв байгуулах, манай талаас ажиллах хүний нөөц бэлтгэх олон асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай.
Цахим бүртгэл, зочид буудлын захиалгыг үндэсний компанид хариуцуулж, сэтгүүлчдийн мэдээллийн бааз бүрдүүлэхээр боллоо. Улмаар зарим их, дээд сургуулийн Сургалтын албатай хамтран сайн дурын 200 оюутанг сонгон шалгаруулж шат дараатайгаар сургалтад хамруулан сэтгүүлчидтэй ажиллах, үйлчлэх хүний нөөцийг бэлтгэхээр шийдлээ.
Сэтгүүлчдийг байрлуулахаар сонгосон 6 зочид буудлын тохижилт, сэтгүүлчид ажиллах нөхцөл, интернэт орчинг сайжруулах, Дээд түвшний уулзалтыг угтаж АСЕМ-ын хүрээнээс гадна Монгол Улсыг гадаадад эерэгээр сурталчлах агуулга бүхий тодорхой мэдээллийн санг бүрдүүлж арвижуулах ажлыг нэн даруй эхлүүлэхээр тогтлоо.


















