АТГ-д албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг их иржээ
Энэ оны нэгдүгээр улиралд Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой 101 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Мэдээллийн алба

Энэ оны нэгдүгээр улиралд Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой 101 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангид хамаарах хэрэг дийлэнх хувийг эзэлж байгаа ажээ.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 17 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, найман хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 10 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, зургаан хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, одоогоор 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Мөрдөн шалгасан хэргийн 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байна.
Гэмт хэргийн улмаас 26 тэрбум 176.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 393.8 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 3 тэрбум 950 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүллээ.


















