“Атрын III аян”-ы үр дүнд тариалалтын хэмжээ дөрөв дахин өсчээ
Монгол Улс өмнө нь 230 мянган тонн улаан буудай тариалж байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянган тонн улаан буудай хураан аваад байна
Мэдээллийн алба

Гурван жилийн өмнөөс манай улс “Атрын III аян”-ыг улс орон даяар өрнүүлсэн билээ. Монгол Улс өмнө нь 230 мянган тонн улаан буудай тариалж байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянган тонн улаан буудай хураан аваад байна. Мөн энэ аяны үр дүнд төмс, манжин, луувангаа 100 хувь дотоодоос хангадаг болж, тариалалтынхаа хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлж чаджээ. Ургацын хэмжээ ийн нэмэгдсэн нь “Атрын III аян”-ы хүрээнд газрын үр, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлж, үрийн сорт чанарыг сайжруулсантай холбоотой аж.
Мөн усны хайгуул судалгаанд үндэслэн томоохон услалтын систем шинээр барьж сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаагийн эхний үр дүн гэнэ. Тэгвэл дараагийн үе шатанд буюу “Атрын IV аян”-ы хүрээнд нарийн ногооны дотоодын тариалалт, үр тарианы хэмжээг нэмэгдүүлж, гурилаа экспортолдог болно гэсэн зорилт тавьжээ.
Өмнөх аяны хүрээнд тавьсан зорилтуудаа биелүүлж чадсан тус салбарынхан дараагийн аяныг амжилттай хэрэгжүүлэх боломж бий гэв.


















