“Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурал боллоо
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, АНУ-ын Азийн сан, Авлигатай тэмцэх газар, Эмэгтэй удирдагч сан, Монгол Улсын Их сургуулийн удирдлагуудтай хамтран
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, АНУ-ын Азийн сан, Авлигатай тэмцэх газар, Эмэгтэй удирдагч сан, Монгол Улсын Их сургуулийн удирдлагуудтай хамтран “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Хуралд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони Линдберг, Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга Э.Амарбат нар болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож авлигаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга замыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад тулгарч буй саад бэрхшээлийг хөндөн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог онол практикийн бага хурлыг нээж үг хэлэв. Тэрээр энэхүү хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч, хатагтай Мелони Линдберг болон бусад байгууллагын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд авлигатай тэмцэх шинэ алхам хийхэд энэхүү хурал үр дүнгээ өгнө гэдэгт найдаж буйгаа онцлов.
Хурлын Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгоны хийсэн мэдээллээр Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 2012,2013 онд эрүүгийн 351 хэрэг шалгасан бөгөөд давхардсан тоогоор 693 хүн хэрэгт холбогджээ. Эдгээрээс 372 нь төрийн захиргаа, үйлчилгээний тусгай албан тушаалтан байсан аж. Мөн Авлигатай тэмцэх газар сүүлийн хоёр жилд 123 тэрбум төгрөгийн хохирол илрүүлсэн бөгөөд 9,4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Энэ нь 2010, 2011 онуудтай харьцуулахад 9 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Мөн тус байгууллагаас Авлигын эсрэг хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авлигын эсрэг үндэсний стратегид хурлаас гарсан зөвлөмжүүдийг тусгах зэрэг санал гаргалаа.
Хуралд оролцож буй төлөөллүүд авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдэд авлигатай холбоотой эрсдэлд үнэлгээ хийх, авлигатай тэмцэх чиглэлээр стратегийн хөтөлбөр боловсруулах зэрэг олон чухал санал дэвшүүлэв.


















