Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авлигатай Тэмцэх газрын дарга мэндчилгээ дэвшүүллээ

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр. 2003 онын энэ өдөр дэлхийн улс орнуудын удирдагчид Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулж байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Авлигатай Тэмцэх газрын дарга мэндчилгээ дэвшүүллээ
Авлигатай Тэмцэх газрын дарга мэндчилгээ дэвшүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр. 2003 онын энэ өдөр дэлхийн улс орнуудын удирдагчид Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулж байжээ. Дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд гарын үсэг зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан юм. Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс Авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон. Энэхүү өдөр тохиож байгаатай холбогдуулан Авлигатай Тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тус мэндчилгээнд, "НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр болгон тунхагласан. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон билээ. Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд ес дэх жилдээ НҮБ-аас зарласан “Авлигын гинжийг тасалцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх чиглэлээр үр дүнтэй олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, шударга ёсны манлайллыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж буй тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах арга хэмжээг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон авч үзэх нь зүйтэй юм. Төрийн албанд байгаа сайн үйл ажиллагааг улам олон болгоё, түгээн дэлгэрүүлье, хүрээг нь тэлье гэсэн зорилгын үүднээс “Шударга ёсны төлөө-2015” уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулж дүнгээ гарган, манлайлагчдыг урамшууллаа.

Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгад нэгдсэн бүс нутгийн 31 улсын авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөгчид оролцсон олон улсын хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааг олон улсын түвшинд сайшаан дэмжиж байгаа нь энэхүү томоохон арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэгэн үндэс шалтгаан болсон юм. Авлигын эсрэг санаачилгын бүс нутгийн 13 дахь удаагийн семинар, Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалтын үеэр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг бүс нутагтаа загвар болж байна хэмээн үнэлснийг баяртайгаар тэмдэглэн хэлье.

Олон нийтэд авлигыг жигших сэтгэл зүйг төлөвшүүлэх, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй болгон, нийгэмд шударга ёсыг баталгаажуулж, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, бурууд хурц байх төрийн хуулийг дээдлэн хэрэгжүүлэх үйлсэд Авлигатай тэмцэх газартай хамтран ажилладаг бүх байгууллага, албан тушаалтан, иргэд, олон нийтэд Авлигын эсрэг олон улсын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, халуун талархлаа илэрхийлэхийн ялдамд авлигагүй нийгмийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Эрхэм Танд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.

Хуваалцах