Австралид гүзээлгэнээс зүү олдсон тохиолдол дахин гарлаа
Виктория мужид супермаркетуудад худалдаж байсан гүзээлзгэнээс зүү илэрч, худалдан авагчид хөнгөн бэртэж, эмнэлэгт хандсан хоёр ч тохиолдол бүртгэгдсэн байна.
Мэдээллийн алба

Австралид гүзээлгэнээс зүү олдсон тохиолдол дахин гарлаа. Виктория мужид супермаркетуудад худалдаж байсан гүзээлзгэнээс зүү илэрч, худалдан авагчид хөнгөн бэртэж, эмнэлэгт хандсан хоёр ч тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ талаар цагдаагийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Өнгөрсөн жил тус улсын зургаан мужид шинэхэн жимс, жимсгэнээс оёдлын зүү, бичгийн хадаас илэрсэн олон хэрэг гарсан юм. Тухайн үед ийм 230 тохиолдол бүртгэгдэж байжээ. Уг гэмт хэргийг гүзээлзгэнийн нэгэн фермийн 50 настай ажилтан Ми Ут Чинь даргаасаа өс хонзон авахаар үйлдсэн болохыг тогтоосон. Түүнийг шүүх хурал удахгүй болно.

Энэ хэргийн улмаас тус улсын засаг захиргаа өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд “Хүнсний бүтээгдэхүүнийг санаатайгаар хүн хорлоход ашиглах” гэмт хэргийн шийтгэлийг нэмэгдүүлж, 10-15 жилийн хорих ял оноохоор болсон юм.
Австралийн Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр “Гүзээлзгэний хямрал”-аас болж өнгөрсөн онд тус салбарт 160 сая австрали доллар буюу 115.8 сая ам.долларын хохирол учирчээ.


















