Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австрид “Оросын тагнуулыг” баривчилжээ

Австрид тус улсын зэвсэгт хүчний бэлтгэл хурандааг Оросын талд тагнуул хийсэн хэргээр баривчлаад байна. Эндээс ирж байгаа мэдээгээр, тэрээр Оросын талд нууц мэдээ мэдээлэл дамжуулснаар 300 мянган евро авсан байж болзошгүй гэнэ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австрид “Оросын тагнуулыг” баривчилжээ
Австрид “Оросын тагнуулыг” баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Австрид тус улсын зэвсэгт хүчний бэлтгэл хурандааг Оросын талд тагнуул хийсэн хэргээр баривчлаад байна. Эндээс ирж байгаа мэдээгээр, тэрээр Оросын талд нууц мэдээ мэдээлэл дамжуулснаар 300 мянган евро авсан байж болзошгүй гэнэ.

Австрийн улсын батлан хамгаалах яамнаас иш татан “Кронэн Цайтунг” сонины мэдээлснээр, өдгөө 70 настай тэр хурандааг 20-иод жилийн турш гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт сэжиглэж байгаагийн дээр, тэрбээр маш мэргэжлийн ажиллажээ. Энэ хүн тэтгэвэрт гарсан ч гэлээ австрийн армийн штабт хэний ч нүдэнд үл өртөх алба хашиж байсан байна. Хурандаа австрийн зэвсэгт хүчний талаар, их бууны системийн талаар, улс орны цагаачлалын байдал, мөн зэвсэгт хүчний өндөр зиндааны түшмэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулдаг байжээ.

Тэрбээр хоёр долоо хоногт нэг удаа Оросын талын “Юрий” гэгчтэй уулзаж мэдээгээ дамжуулдаг байжээ. Австрийн прокурорын газар улсын нууц задраасан зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд баримт нотлогдох тохиолдолд хурандаад шоронд 10 жил хорих ял оноох гэнэ.

Австрийн канцлер Себастьян Курц оросууд европт, тэр дотор Австрид тагнуул хийх ёсгүй гэсэн бол гадаад хэргийн сайд Карин Кнайсль ирэх 12 дугаар сарын 2-3-нд Орос улсад хийх айлчлалаа цуцалж, тагнуул хийсэн нь нотлогдох тохиолдолд хоёр орны харилцаанд хүндрэл үүснэ гэдгийг анхааруулжээ. “Ди Прессэ” сонины мэдээлж байгаагаар, хурандааг тэртээ 1988 онд оросууд өөрийн талдаа урвуулсан хэмээн үзэж байгаа юм.

Хуваалцах