"Авто замын хашлага, хайс солиход нийслэлээс 8.5 тэрбум төгрөг зарцуулж байна" гэдэг нь ташаа мэдээлэл
Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих, Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих зэрэг нийт 6 зам, замын байгууламжийн ажилд нийт 8,5 тэрбум төгрөг төсөвлөсөн болно.
Мэдээллийн алба

Зарим нэг мэдээллийн хэрэгслээр энэ сарын 13-14-ний өдөр "Авто замын хашлага, хайс солиход нийслэлээс 8.5 тэрбум төгрөг зарцуулж, мөнгө угааж байна" гэсэн утга бүхий мэдээллүүд цацагдсан. Ашиглалтад ороод 2 жил болж буй авто замын хашлага хайсыг сольж үргүй зардал гаргаж байна хэмээн шүүмжилсэн зэрэг мэдээлэл ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс дараах залруулгыг хийж байна.
2016 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт зохион байгуулахтай холбогдуулж энэ онд нийслэлд авто зам барилгын ажлыг харьцангуй эрт эхлүүлсэн. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хотын өнгө үзэмжийг нэмэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс баригдаж ашиглалтад орсноос хойш нормт хугацаандаа дунд болон их засварын ажил хийгдээгүй, 8-40 жил ашиглаж байгаа Гандийн гудамжны 1.6 км авто замын шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто замын шинэчлэлт, Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байгаа юм.
Мөн Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих, Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих зэрэг нийт 6 зам, замын байгууламжийн ажилд нийт 8,5 тэрбум төгрөг төсөвлөсөн болно.
Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын өмнө хийгдэх авто замын барилгын ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн Авто замын газраас удаа дараа мэдээлэл өгсөөр байтал зориуд мэдээллийг мушгин гуйвуулж байгаад харамсч байна.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР


















