Автозамын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахыг үүрэг болгов
Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 17.5 км автозам, Улиастай-Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, 288 метр урттай гүүр барих ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан шуурхай гүйцэтгүүлэхийг даалгалаа.
Мэдээллийн алба

Нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын зарим төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын хуучин уулзвараас Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.7 км автозамын ажил хийгдэнэ.
Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард гадаадын өндөр түвшний зочид, төлөөлөгчдийн айлчлал, есдүгээр сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны парламентийн чуулга уулзалт, ирэх онд болох АСЕМ-ын уулзалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх автозам, замын байгууламжийн ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Мөн Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 17.5 км автозам, Улиастай-Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, 288 метр урттай гүүр барих ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан шуурхай гүйцэтгүүлэхийг даалгалаа.


















