Аялал жуулчлалын салбараас нэг тэрбум ам.доллар төвлөрүүлнэ
Аялал жуулчлалын бүс нутагт томоохон бүтээн байгуулалт хийсэн компаниудыг дэмжиж, 50 км дотор ижил төстэй үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй зэрэг шийдвэр гаргажээ
Мэдээллийн алба

Ирэх онд аялал жуулчлалын салбараас 2.5 их наяд буюу нэг тэрбум ам.долларын орлого төсөвт төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж буйгаа БОАЖЯ-ны сайд саяхан тохиосон Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр мэдэгдэв. Тэрбээр “Үүний тулд шийдвэрлэх асуудал олон бий. Энэ нь зөвхөн төрөөс хийх ажил биш. Бизнес эрхлэгчид ч эл салбараа сайжруулахын тулд бидэнтэй хамтрах хэрэгтэй” гэв.
Мөн аялал жуулчлалын салбарт мөрддөг стандартыг шинэчлэх, хуульд өөрчлөлт оруулах, баталгаагүй тээвэр болон хоолны үйлчилгээ үзүүлдэг иргэдийг журмаар зохицуулах, тусгай зөвшөөрөлтэй газарт хууль бус үйл ажиллагаа явуулж буй компанийн зөвшөөрлийг цуцлах зэрэг ажил хийж буйгаа иргэдэд танилцуулсан юм.
Үүнээс гадна аялал жуулчлалын салбар дахь хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг хөгжүүлэхэд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн байна. Аялал жуулчлалын бүс нутагт томоохон бүтээн байгуулалт хийсэн компаниудыг дэмжиж, 50 км дотор ижил төстэй үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй зэрэг шийдвэр гаргажээ.


















