Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 19 цаг 53 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томилох тухай асуудал хэлэлцэж, энэ талаархи танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хийсэн юм. Тэрбээр Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нь төрийн албанд 25 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 12 жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй туршлагатай парламентч учраас нэр дэвшигчийг дэмжиж өгөхийг хүсэв.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гарсангүй. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үг хэлж, батлан хамгаалах салбарт эрх зүйн томоохон багц өөрчлөлтийг хийсэн бөгөөд УИХ-аар эцсийн хэлэлцүүлэг хийх шатандаа байгааг дурдаад, энэ удаагийн Улсын Их Хурал улс төрийн томоохон шийдвэр гаргасан болохыг онцоллоо. Тодруулбал, Батлан хамгаалахын яамыг үндсэн чиг үүргийн яам болгож, бодлогын төвд оруулж байгааг тэмдэглэв. Ингээд Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувь нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар томилохыг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг томилуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар томилохыг дэмжлээ.

Хуваалцах