Азийн хөгжлийн банкнаас малчдад 2 сая ам.долларын буцалтгүй тусламж олголоо
Ази, Номхон далайн гамшгийн сангаас манай улсад зудын гамшгийн хор уршгийг багасгах, зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр сая.ам долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.
Мэдээллийн алба

Ази, Номхон далайн гамшгийн сангаас манай улсад зудын гамшгийн хор уршгийг багасгах, зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр сая.ам долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо. Үүний дагуу буцалтгүй тусламжийн гэрээнд Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар гарын үсэг зурлаа.
Азийн хөгжлийн банкнаас үзүүлэх энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгөөр зудын гамшигт хамгийн их өртсөн Архангай, Баянхонгор, Дундговь, Завхан, Сүхбаатар, Төв, Увс зэрэг аймгийн хүнд нөхцөлд байгаа малчин өрхүүдэд нэн яаралтай мөнгөн тусламж үзүүлэх, хоол хүнс, малын өвс тэжээл, эм бэлдмэл, түлш зэрэг шаардлагатай зүйлсийг хүргэх, мөн тэдгээр аймагт эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шурхай үзүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор түргэн тусламжийн авто машин олгох зэрэгт зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
НҮБ-ын судалгаагаар манай улсад өнгөрсөн өвлийн зуданд өртсөн нийт малчдын 41 хувь буюу 225.0 мянган иргэн, түүний дотор тав хүртэлх насны 28.0 мянган хүүхэд энэ өвлийн хүндрэлийн үр дагаврын нөлөөлөлд шууд өртөөд байгаа бөгөөд зудын гамшигт өртсөн хамгийн эмзэг өрхүүдэд нэн даруй тусламж үзүүлэх шаардлагатай байгаа юм. Зузаан цасан бүрхүүл тогтож, агаарын хэм эрс буурсны улмаас хорогдсон малын тоо энэ оны гуравдугаар сарын сүүлийн байдлаар 669.0 мянгад хүрээд байгаа бөгөөд өвөлдөө доройтсон мал хаврын улиралд олноор хорогдох аюултай тул малын нийт хорогдол 1.2 саяд хүрэх эрсдэл байгааг өмнөх жилүүдийн туршлага дээр тулгуурлан холбогдох байгууллагуудын зүгээс анхааруулж байгаа ажээ. Мөн одоогийн байдлаар зудад нэрвэгдсэн сумдын тоо багасч байгаа хэдий ч өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөлд нэрвэгдсэн малчин өрх, алслагдсан сумдын ард иргэдийн нөхцөл байдал хүнд хэвээр байгаа юм.


















