Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалт боллоо
Хүүхдийн Эрхийн Конвенцийг хэрэгжүүлэхэд улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Тунхаг Бичгийг баталлаа
Мэдээллийн алба

Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалт Улаанбаатар хотноо наймдугаар сарын 23-24-ний өдрүүдэд болж өндөрлөв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран зохион байгуулсан тус чуулга уулзалтад Зүүн Азийн орнуудаас 40 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, нийт 160 гаруй хүн оролцлоо.
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Азийн улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох, тулгамдаж буй бэрхшээл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа эрэлхийлэх зорилготой тус чуулга уулзалтаар хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэн, зөвшилцөж Хүүхдийн эрхийн асуудлаарх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Хүүхдийн Эрхийн Конвенцийг хэрэгжүүлэхэд улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх Тунхаг Бичгийг баталлаа.


















